Мэргэжлийн сүмогийн хамгийн ахмад бөх Ханаказэ ирэх тавдугаар сарын 28-нд 51 нас хүрнэ. Тэр бол Шёова, Хэйсэй, Рэйва гэсэн гурван эрин үед барилдсан анхны сүмоч.
Жониданы баруун жигүүрийн 77-д бичигдсэн Ханаказэ жониданы 88 дахь бөх, 16 настай Мацүгиг үватэнагэ мэхээр ялж, Хаврын тэмцээний анхны ялалтаа авлаа. 34 насаар дүү хүүхдийг туршлага заан ялсан юм.
Ийнхүү түүний мэргэжлийн сүмо дахь нийт давааны тоо 669 болж, их аварга Асашёорюүтэй зэрэгцлээ. Нэг башёд 7 барилддаг доод зиндааны бөх тул 15 барилддаг аваргатай даваа тэнцэнэ гэдэг бас нэг утгаараа рекорд амжилт гэлтэй.
Ханаказэ 1970 онд Токиод төрсөн. Тацүнами дэвжээнд элсэн, Шёовагийн 61 он буюу 1986 оны Хаврын тэмцээнээс барилдаж эхэлжээ. Дэвжээнийхээ одоогийн багш комүсүби асан Асахиютакагаас хоёр нас дүү ч нэг жилийн өмнө сүмод орсон. Одоогийн сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү оякатаг барилдаж байхыг нүдээрээ харсан цөөхөн бөхчүүдийн нэг юм. Хамгийн дээд амжилт нь санданмэ зиндааны зүүний 18. 188 см өндөр, 110 кг жинтэй.
Одоо барилдаж байгаа бөхчүүдээс хамгийн олон даваатай нь их аварга Хакүхо (1172). Дараа нь ёкозүна Какүрюү (785), маэгашира Тамаваши (973) байгаа. Эхний гурван бөх бүгд Монголын бөхчүүд тул Ханаказэ одоогийн япон бөхчүүдээс хамгийн олон давсан нь болж байгаа юм.
Өнгөрсөн нэгдүгээр сарын тэмцээнд Ханаказэ 4 даван, 50 хувийн амжилт үзүүлж, 1905 оноос хойш 116 жилийн дараа 50 хувийн амжилт үзүүлсэн 50 настай сүмоч болж байв.
Сэтгэгдэл ( 2 )
Хакухо, Какурюу 2 чинь аль эрт японы иргэн болчихоо биз дээ, тэднийг одоо монгол гэх уу, статистикаар бол япон л гэж явах байх даа
нас бол тоо гэдэг дээ.