Монголын Үндэсний Олимпийн Хороо М-Си-Эс Кока-Кола компанитай дөрвөн жилийн хугацаанд албан ёсны түнш байгууллагаар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, М-Си-Эс Кока-Кола компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав нар гарын үсэг зурав.
Энэхүү санамж бичигт М-Си-Эс Кока-Кола ХХК нь 2024 оныг дуустал буюу “Токио-2020”, “Бээжин 2022”, “Парис 2024” олимпийн наадмуудад МҮОХ-ны “Албан ёсны түнш” байгууллагаар хамтран ажиллахаар тусгажээ.
Хамтын ажиллагааны хүрээнд жил бүр төлөвлөгөө гарган, олимпизмын хөдөлгөөнийг сурталчлан таниулах тодорхой хөтөлбөрүүдийг явуулахаар тусгажээ. Мөн санамж бичгийн хүрээнд МҮОХ-ноос зохион байгуулагдах уулзалт, хурал, сургалт, олон нийтийн үйл ажиллагаа, олимпийн наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд зориулан өөрийн брэндийн бүтээгдэхүүнээр онцгой эрхтэйгээр дэмжлэг үзүүлэх юм байна.
Кока-Кола компани нь 1928 оны Амстердамын олимпоос хойш 93 жил Олон Улсын Олимпийн Хорооны албан ёсны түнш байгууллагаар тасралтгүй ажилласан бөгөөд олимпизмыг дэлгэрүүлэхэд хамгийн тогтвортой үнэнч түнш байсаар ирсэн.
М-Си-Эс Кока-Кола компани олимпод оролцох үндэсний баг тамирчдаа дэмжих зорилгоор олон талт хөтөлбөр, арга хэмжээг 2004 оноос зохион байгуулж эхэлсэн. Энэхүү санаачилгыг хөгжүүлж “Алтын төлөө хамтдаа” хөтөлбөрийг Бээжин 2008 Зуны олимпийн наадамтай уялдуулан өргөн хүрээнд хэрэгжүүлж манай тамирчид тус олимпийн наадмаас алт, мөнгөн медалийг хүртэж байсан юм. Энэ үйл явдал Монгол Улсын нэр хүндийг дэлхийн спортын дэвжээнд өндөрт өргөснөөс гадна анх удаагаа олимпийн наадмын алтан медалийг эх орондоо авчирсан түүхэн үйл явдал болсон билээ.
М-Си-Эс Кока-Кола компани нь багийн спорт, тэр дундаа 3х3 сагсан бөмбөгийн спортын хөгжилд тасралтгүй, системтэй хөрөнгө оруулалт хийсний үр дүнд Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр Токио 2020 олимпийн наадамд оролцох эрх авч чадсан юм.
Сэтгэгдэл ( 0 )