Ц.Энхтүвшин , “Таван цагариг”
Маргааш буюу 2021 оны гуравдугаар сарын 25-нд Японы Фүкүшима аймгийн Нараха хот дахь Үндэсний бэлтгэлийн төв “J-village” -аас “Токио-2020” Зуны олимпийн XXXII наадмын галт бамбарын буухиа аялал эхлэх гэж байна. Жилийн өмнө Грекийн ариун дагшин Олимп уулын бэлнээ асаасан “Мөнхийн гал”-ыг Японд авчирсан ч цар тахлын улмаас “Токио-2020” хойшлогдсон тул Токио дахь Олимпийн музейд хадгалагдаж байсан билээ.
Олимпийн галт бамбарын буухиаг зүгээр ч нэг Фүкүшимагаас эхлүүлээгүй. Өдгөөгөөс 10 жилийн өмнө Японд болсон аймшигт газар хөдлөлт, цүнамигаас хамгийн их хохирол амссан энэ л газраас, дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлын хүнд үед “Hope Lights Our Way” буюу “Итгэл найдвар бидний замыг гэрэлтүүлнэ” хэмээх уриатай Олимпийн галт бамбарын буухиа эхэлж буй нь бэлгэдэлтэй, ерөөлтэй.
121 хоногийн туршид Японы бүх 47 аймаг, 857 хот, суурин газрыг туулан долдугаар сарын 23-нд Олимпийн цэнгэлдэхэд морилох Олимпийн галт бамбарыг 10,000 гаруй хүн буухиалах юм.
Маргааш орон нутгийн цагаар өглөө 9.00 цагаас Олимпийн галт бамбарын буухианы гарааны ёслолд 2011 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга болж, хэдхэн сарын өмнө байгалийн гамшигт нэрвэгдэж, хатуу хүтүүг ханатлаа амсаад байсан ард түмнийхээ сэтгэлд итгэлийн гэрэлт Нарыг авчирч байсан Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийн гишүүд оролцох аж.
Олимпийн бамбар нь Японы үндэсний бэлгэдэл болсон Сакура ( cherry blossom) цэцгийн дэлбээний загвартай, 71 см өндөр, 1,2 кг жинтэй гэнэ. Бамбарын бүтцийн 30 хувьд 2011 оны байгалийн гамшгийн дараа барьж байсан нийтийн түр хоргодох байрны бүтцэд ашиглагдаж байсан хөнгөн цагааныг дахин боловсруулсан материал оролцуулж, алдарт Шинкансэн хурдны галт тэрэгний үйлдвэрлэлт ашигласан технологоор бүтээсэн байна.
Мөн “Токио-2020” олимпийн бамбар нь түүхэнд анхны устөрөгчийн хүчийг ашигласан галт бамбар болох юм.
Хүмүүн төрөлхтөн цар тахлыг ялан дийлэх их баяр, эв нэгдэл, найрамдлын бэлгэдэл болох “Токио-2020” олимпийн наадмын галт бамбар та бидэнд гэрэл гэгээ, итгэл авчрахаар айсуй.
Сэтгэгдэл ( 0 )