Мостафа Хоссейнхани Ираны бөхийн холбоотой заргалдаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

Ираны хэвлэл мэдээллээр сүүлийн үед чөлөөт бөхийн холбооны маргааны талаар их гарч байна. Ираны бөхийн холбооноос Азийн хошой аварга Мостафа Хоссейнханиг Instagram хуудсандаа холбоог эрс шүүмжилсэн хэмээн шигшээ багийн цугларалтаас хассан юм.

Мостафаг холбооноос ирэх дөрөвдүгээр сард болох Олимпын эрхийн тэмцээн, Азийн АШТ-д оролцуулахгүй байх шийдвэр гаргасан. Мостафа 2020 оны 11 дүгээр сард Дэлхийн Цомд оролцох шигшээ багийн сонгон шалгаруултад түрүүлсэн. Энэ тэмцээн нь Ираны улсын аваргын статустай тэмцээн байсан юм. Ингээд Дэлхийн Цомд оролцох болсон ч Иранаас тус тэмцээнд 57 кг-ийн ганцхан бөх илгээх болсон билээ. Тийм болохоор Мостафа Азийн олимпын эрхийн тэмцээнд өөрийгөө оролцох ёстой гэж үзэж байгаа юм.

Харин Ираны бөхийн холбооноос Азийн олимпын эрхийн тэмцээнд 2019 оны Нурсултаны дэлхийн аваргын медальт Юнесе Эмамиг, Азийн аваргын тэмцээнд Жамал Эбадиг оролцуулах шийдвэр гаргажээ.

Хоёр талын маргаан хэвлэлээр гарсны дараа Ираны Спортын яамнаас маргааныг хурдан шийдвэрлэхийг Бөхийн холбоонд үүрэг болгосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top