Төрийн аудитын тайлангаас тогтож харах ГУРВАН ЗҮЙЛ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01

Төрийн байгууллагууд тэдгээрээр дамжин хэрэгждэг төсөл хөтөлбөрүүдэд Төрийн хяналтын байгууллага болох Төрийн аудитын газраас шалгалт хийжээ. Төсвийн шууд захирагчийн 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн тайлангаас онцлох зүйл хэд, хэд байна. Төрийн байгууллагуудын дийлэнх нь шилэн данс хөтлөлт тааруу гэдэг дүн авчээ. Түүнээс гадна санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл хөтлөхдөө стандартын дагуу хийгээгүй гэх зөрчил илэрчээ. Хугацаандаа хөтлөөгүй байгууллага нь ч байна. Ковидтой жилийн төсвийн гүйцэтгэл Төрийн аудитаас чухам ямар дүн авсныг хамтдаа зураглая.

ШИЛЭН ДАНС ГДЕ...?!

Төсвийн шууд захирагч гэдэг нь хуулийн модон нэршил тул жирийн хүмүүс ойлгохгүй нь тодорхой. Энэ нь угтаа тухайн яамыг удирдаж буй сайдыг хэлж байгаа юм. Сайдын хэрэгжүүлсэн ажил чухам байндаа туссан уу, татвар төлөгчдийн мөнгийг зөв зохистой зарцуулсан уу гэдгийг Төрийн аудит дэнсэлсэн хэрэг. Энэ утгаараа 10 гаруй яам, Ерөнхий прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг байгууллагуудын 129 тайланд шалгалт хийжээ. Дээрх тайлангаас нийтлэг ажиглагдаж буй зөрчил бол шилэн данс хөтлөлтийг хуульд заасан ёсоор хөтөлдөггүй явдал байв.

Тэр тусмаа Шилэн дансны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1-т “Шилэн дансны зарчим”, зургаадугаар зүйлийн 6.4-т “Энэ хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан байгууллага дараах мэдээллийн долоо хоногийн дотор мэдээлнэ”, 6.4.4-т “Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг”, 6.4.8-д “Бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусахд хэрэгсэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс, төсөв, өмч хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр” гэж заасныг биелүүлээгүй, нийцээгүй байна гэх дүгнэлт гарсан байна.

Энэ алдаа зөрчилт төсөл хөтөлбөрүүдийн гүйцэтгэлд ч ажиглагдаж байлаа. Тайлан мэдээнүүдээс онцлоход тухайлбал Эрчим хүчний яам байгууллагын шилэн дансны хуудсанд нийт 156 мэдээллээс 364 сая төгрөгийн долоон мэдээллийг байршуулаагүй гэх зөрчил гаргажээ. Ковидтой жилийн анхаарал хандуулах ёстой төслийн нэг “Монгол Улсад Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төсөл ч мөн адил шилэн данс хөтлөлт дээрээ тааруу дүн авсан. Тус төслийн 2020 оны жилийн эцсийн байдлаар шилэн дансны цахим хуудсанд байршуулах 94 мэдээллээс 34 мэдээллийг хугацаа хоцроож, найман мэдээлэл огт байршуулаагүй байна. Энэ бол зөвхөн хоёр л жишээ 129 тайлан, төсөл, хөтөлбөрийн 13 тайланд шилэн дансны хууль зөрчсөн гэх нийтлэг зөрчилтэй тул сонины зай талбайг бодолцон ингээд орхие.

ЮУ ХУДАЛДААД АВЧИХАВ...?

Төрийн аудитын тайлангаас тогтож харах дараагийн зүйл нь юу худалдаж авснаа тайлагнадаггүй явдал. Нэг саяас авахуулаад хэдэн зуун саяын худалдан авалт хийхдээ ч түүнийгээ тайлагнадаггүй байх нь нийтлэг биш ч олон ажиглагдсан үзэгдэл байлаа. Тухайлбал Үндэсний хөгжлийн газар нь худалдан авах ажиллагааг хууль журмын дагуу зохион байгуулалтгүй нийт 101.3 сая төгрөгийн шууд гэрээ байгуулсан байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.5-д “Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэт багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилогоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж албан шаардлагад тусгажээ.

Энэ зөрчил улсын гуравдугаар төв эмнэлэгт ч мөн адил ажиглагдсан байна. Тус эмнэлэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, үнийн харьцуулалт хийлгүйгээр “Шавьж мэрэгт устгал халдваргүйтгэл” ажлын ХУ/2020/66-АХШ-21 тоот гэрээг 48.150 сая төгрөгөөр “ДДД Андууд БГБХН” ХХК-тай байгуулжээ. Гэрээнд халдваргүйжлийн ажлыг 2021 оны гуравдугаар сарын 10-ны дотор гүйцэтгэхээр заасан ч ажлын хөлсийг бүрэн шилжүүлж, шууд зардлаар тайлагнасан зөрчил илэрчээ.

ҮРЭЛГЭН БАЙДАЛ

Хэд, хэдэн тайланд төсвийн орлогыг зөв зохистой төлөвлөн, хэрэгжүүлж чадаагүй гэх зөрчил илэрчээ. Шилэн данс хөтлөлт шиг нийтлэг биш ч нийт тайлангийн бараг 50 гаруй хувьд нь дээрх зөрчил илэрсэн байна. Тухайлбал Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал нь 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр №53 тоот гэрээг Нийгмийн эрүүл мэндийн газрын даргатай байгуулж, гэрээний дагуу тус сарын 25-ны өдөр Эрүүл мэндийг дэмжих сангаас Ковид-19-тэй холбоотой сургалт, сурталчилгааны ажлын 36.6 сая төгрөгийг санхүүжүүлжээ. Гэсэн ч уг сургалт зохион байгуулагдаагүй. Зохион байгуулагдаагүй сургалтын мөнгийг дансаас бэлнээр авсан байна. Энэ нь төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн үйлдэл болжээ.

Дээрх зөрчил Барилга, хот байгуулалтын яамны аппаратад ч мөн адил илэрчээ. Тайлант онд Барилга, хот байгуулалтын яамны аппарат төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн урамшуулал олгохдоо холбогдох журамд заасан хувиас хэтрүүлэн 81 ажилтанд нийт 48.7 сая төгрөгийг илүү олгосон байна. Тиймээс Төрийн аудитын зөрчил арилгах хэсэгт “Цаашид батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, зөрчлийг давтан гаргахгүй байх, мөн холбогдох тогтоомжийг мөрдөж ажиллах” ёстойг заасан байна. Түүнчлэн шаардлага хүргүүлж зургаадугаар сарын 10-ны дотор арилгуулахыг шаарджээ.

* * *

Төрийн байгууллага бол та, чи, бидний төлсөн татвараар санхүүжиж түүгээрээ ажлаа явуулж байдаг газар. Төсвийн мөнгийг цар тахалтай бэрх цагт аль болох зүй зохистой зарцуулж, тэвчиж болох зардлаа тэвчихийг Ерөнхий сайд нь уриалаад байхад харьяа байгууллагууд нь дэмжих нь бүү хэл ковидоор далимдуулан хэтрүүлээд сууж байна. Аудитын тайлангаас харахад шилэн данс хөтлөлт тайлан ирүүлсэн бүх байгууллагуудад хуульд заасан хэмжээндээ байсангүй. Шилэн данс гэдэг сайхан үгтэй боловч төрийн байгууллагуудад шилэн данс тийм ч их хэрэг болоод байдаггүй бололтой. Түүнчлэн ковидын нэрээр эрүүл мэндийн байгууллагууд зориулалтын бусаар төсвийн мөнгийг зарцуулжээ. Тайлан ирүүлсэн байгууллагуудын 50 гаруй хувьд нь үрэлгэн байдал ажиглагдсан төдийгүй цалин урамшууллыг батлагдсан төсвөөс илүү олгосон зөрчил хэд,хэдэн байгууллагад илэрчээ.

Ил тод, нээлттэй байж төрийн алба тунгалаг болно. Тэр хэрээрээ хүнд суртал арилна. Гэвч төрийн байгууллагууд шилэн гэх сайхан үгний цаана улам хаалттай болсоор байгааг төрийн аудитын тайлангаас харж болохоор байна. Татвар төлөгчийнхөө хувьд ард түмэн төрийн байгууллагуудаас нээлттэй байдлыг шаардах ёстой. Төсвийн сахилга баттай бай гэж гаднынханы байнга хэлээд байдаг нь оргүй зүйл биш гэдгийг Төрийн аудитын тайлангаас тодорхой харж болохоор байна. Төсвийн сахилга батыг төрийн бүх шатанд сахиж чадвал жил бүр алдагдалтай төсөв баталдаг гэх Монгол Улсын муу “имиж” арилна, үүнийгээ дагаад эдийн засаг ч өснө.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top