Формула-1: Гурав дахь Шумахертай шинэ улирлын талаарх тоо баримт

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01

Бахрейны Гран Пригээр Формула-1уралдааны шинэ улирал эхэллээ. Шинэ улирлын талаар хэдэн тоо баримтыг дурдья.

Хуваарь

Нийт 23 гараа явагдах нь түүхэнд рекорд амжилт болж байна. Урьд өмнө хамгийн ихдээ 21 уралдаан болж байсан юм. Өнгөрсөн жил 22 гараа болох байсан ч цар тахлын улмаас 17 уралдаан л хийж чадсан билээ. Энэ жил ч ковидоор хуваарь өөрчлөгдөх магадлал өндөр байгаа.

Хоёр шинэ трасс уралдаанд нэмэгдэн орж ирлээ. Голландын Зандворт өнгөрсөн улирал тэмцээн зохион байгуулах байсан ч цар тахлын улмаас чадаагүй юм. Мөн Саудын Арабын Жидда хотын шинэ зам дээр Саудын Арабын Гран При тэмцээнтэй.

Багууд

Хоёр баг нэрээ өөрчилсөн. Рейсинг Пойнт баг албан ёсоор Астон Мартин болсон бол Рено баг Альпин болон хувирсан. Баг болгоны санхүүгийн дээд хэмжээг 145 сая ам.доллар болгон баталлаа. Өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилготой алхам гэж хэлж болох юм. Энэ тоонд тамирчдын шагнал багтаагүй.

Арван багийн хөдөлгүүрийг дөрвөн компани л нийлүүлж байна. Мерседес-ийн үйлчлүүлэгч нарт Уильямс, Астон Мартин, Макларен байгаа бол Феррари-д  Хаас, Альфа Ромео, харин Хонда компани Ред Булл, Альфа Таури-г хангаж байна. Гэхдээ Хонда ирэх жилээс Формула-1-ийг орхин одох болсон билээ. Сүүлийн долоон жил дараалан Мерседес түрүүлж байгаа нь рекорд юм. 1950 оноос эхлэн ганцхан баг бүх тэмцээнд оролцсон нь Феррари.

Нисгэгч нар

Энэ улиралд дөрвөн дэлхийн аварга уралдаж байна. Льюис Хэмилтон (7 удаагийн аварга), Себастьян Феттель (4), Кими Райкконен (1), Фернандо Алонсо (2) нар юм. 40 настай Алонсо хоёр жил өнжиж байгаад энэ жил Альпин багт нэгдсэн. Кими Райкконен 42 настай. Тэр 332 Гран Прид оролцсон бол Алонсо– 314, Хэмилтон 266, Феттель – 258 Гран Притэй.

Хамгийн залуу нисгэгч бол Юки Цүнода. Тэр 2000 оны тавдугаар сарын 11-нд төрсөн. Никита Мазепин, Мик Шумахер нар 1999 онд төржээ.

Хэрэв Хэмилтон найм дахь удаагаа түрүүлэх юм бол долоон удаагийн аварга Михаэль Шумахерыг давж гарна. Хэмилтоноос гадна энэ улиралд оролцож байгаа Гран Прид түрүүлж байсан нисгэгч нарыг дурдвал Феттель (53 ялалт), Алонсо (32), Райкконен (21), Макс Ферстаппен (10), Валттери Боттас (9), Даниэль Риккардо (7), Шарль Леклер (2), Пьер Гасли (1), Серхио Перес (1).

Шинээр гурван нисгэгч орж ирсэн нь Мик Шумахер (Михаэль Шумахерын хүү), Японы Юки Цүнода, ОХУ-ын Никита Мазепин. Бүгд Формула-2 уралдаанаас дэвшсэн залуус. Мазепин Формула-1 уралдааны түүхэн дэх 4 дэх орос тамирчин болж байгаа бол Мик Шумахер тус тэмцээний түүхэн дэх гурав дахь Шумахер нь болж байгаа юм. Түүний аав Михаэлиас гадна авга ах Ральф мөн нисгэгч байсныг бүгд сайн санаж байгаа биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top