Өнөөдөр АНУ-ын Форт-Уэрт (Техас муж) хотод Токиогийн олимпын чөлөөт бөхийн шигшээ багийг сонгон шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна. Энэ тэмцээнд эрхээ авч, Токиод түрүүлэх боломжтой гэгдэж байсан хөнгөн жингийн бөх Спенсер Ли гэмтлийн улмаас сонгон шалгаруултад орж чадахгүй болжээ.
Ли 14 хоногийн өмнө оюутны NCAA лигийн тэмцээнд орж, гурав дахь удаагаа түрүүлсэн.
Гэхдээ өвдөгний гэмтэлтэй барилдсан бөгөөд найман сар эмчлүүлэх оноштойгоор Токиогийн олимпын мөрөөдөл нь хийсэн одлоо. Яагаад оюутны тэмцээнд орсон шалтгаан нь түүний Аойва их сургуультай байгуулсан гэрээ. Их сургууль түүнээс сургалтын төлбөр авдаггүй, шилмэл тамирчны хувиар хөнгөлөлттэй. Энэ нь АНУ-д их хэмжээний мөнгө. Тиймээс Ли олимпын мөрөөдлөөсөө илүү Их сургуультай байгуулсан гэрээгээ хүндлэн, гэмтэлтэй тэмцээнд орсон, багаа ч алтан медальд хүргэсэн.
Сүүлийн жилүүдэд дандаа тэргүүлж байсан Пенсильваны их сургуулийг энэ жил л давж гарах боломж гарсан тул Ли эргэлзэх зүйлгүй их сургуулиа сонгожээ. NCAA тэмцээн бол олимпын наадмаас нэр хүнд сул ч чөлөөт бөхийн ДАШТ-ээс илүү Америкт үнэлэгддэг тэмцээн.
Спенсер Ли өнгөрсөн жил Америкийн Оны шилдэг сонирхогч тамирчинд олгодог Жеймс Салливаны шагналыг хүртэж байсан. Урьд нь энэ шагналыг Карл Льюис, Жеки Жойнер-Керзее, Майкл Фелпс зэрэг олимпын алдартнууд хүртэж байлаа. Бөхчүүдээс олимпын аварга Брюс Баумгартнер, Рулон Гарднер, Жон Смит, Кайл Снайдер нар авч байв. Спенсер Лиг эх оронд нь “Жижиг Садулаев” гэж нэрлэдэг. Ли 2014-2016 онд идэрчүүдийн дэлхийн аварга болж байсан. Тэрбээр 2018-2020 онд Оюутны аварга болж, УАШТ-д түрүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )