АНУ-ын Форт-Уэрт (Техас) хотод өнөөдөр эхэлсэн АНУ-ын чөлөөт бөхийн Токиогийн олимпын шигшээ багийн сорил барилдаанд тэмцээн эхлэхээс өмнө сэнсаац гарсан билээ.
Ганц жилийн өмнө “Би шилдгүүдийг ялах дуртай. Тийм болохоор олимпын гурван аварга барилддаг 97 кг-д шилжинэ. Абдулрашид Садулаев, Кайл Снайдер, Шарип Шарипов нарыг хүндэлдэг ч өрсөлдөхийг хүсдэг. Токиогийн олимпын финалд Садулаевтай барилдахыг хүсэж байна” гэж ярьж байсан Жейден Кокс өнөөдөр жин үзэлтээс хоцорч, сонгон шалгаруулалтаас хасагдлаа. Кокс Риогийн олимпын 86 кг-ийн жингийн хүрэл медальт, 92 кг-ийн жингийн дэлхийн хошой аварга хүн. Тэр өнөөдөр хагас шигшээгээс ганц барилдаад ялахад финалд Кайл Снайдертай барилдах учиртай байлаа. Гэвч тэр байж боломгүй алдаа гаргасан. Гэхдээ Америкийн хэвлэл мэдээлэлд бичсэнээр түүний дасгалжуулагч нарын буруу байсан гэнэ.
Сорилоос хасагдсан Кокс сэтгүүлчдэд “Олимпын наадамд оролцох эрхийн төлөө дахин өрсөлдөнө” гэж мэдэгдсэн. Хэдийгээр тэр 2024 оны олимпын наадмын талаар ярьсан ч америкчууд алдар хүндтэй түүнийг маргааш сонгон шалгаруултад оруулах байх гэж найдаж байгаа юм. Гэвч дүрэм журам хатуу АНУ-д арай ч тийм зүйл болохгүй биз ээ.
Америкийн бөх сонирхогчид энэ талаар “Снайдер азтай юм. Тэр Коксыг ялахгүй байсан” гэж бичиж байгаа бол зарим нь “Орос танк Садулаевт харин аз таарлаа” гэж ярьж байгаа.
Ямар ч гэсэн Снайдер аз таарсан нь маргаангүй. Маргааш тэр Колин Муртай олимпын эрхийн төлөө барилдана. Олимпын аварга ялах нь бараг маргаангүй байна.
Сэтгэгдэл ( 0 )