Кога Тошихикогийн хүү Гэнки Японы аварга боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 06

Энэ сарын 4-нд Фүкүокад Бүх Японы аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн боллоо. Энэ тэмцээн нь зургадугаар сард болох дэлхийн аваргын тэмцээнд оролцох шигшээ багийг сонгон шалгаруулах сорил гэдгээрээ онцлог байлаа.

Тэмцээний 60 кг-ийн жинд Барселонагийн олимпын аварга, гуравдугаар сарын 24-нд хүнд өвчний улмаас нас барсан, Үүрээний хаан, алдарт Кога Тошихикогийн хүү Кога Гэнки түрүүлж, ДАШТ-д оролцох эрхтэй боллоо.
 


Гэнки финалд Шёо Татэямаг нэмэлт цагт иппон ялсан юм. 10 минут 14 секундын урт барилдаан байлаа. Түрүү бөхийн ярилцлага дээр тэрээр “Аавынхаа амьд сэрүүн цагт ачийг нь хариулж чадаагүй болохоор Улсын аваргад заавал түрүүлнэ гэж хичээж зүтгэлээ. 14 хоногийн өмнө бэлтгэл дээр зүүн өвдгөндөө гэмтэл авсан байсан. Гэсэн ч аав минь тэнгэрээс “Шантарч болохгүй. Чадах бүх зүйлээ гарга, хий” гэж хэлж байгаа юм шиг санагдаад урагш дайрч барилдсан” гээд нулимс асгаруулсан юм. Аав Кога улсын аваргын тэмцээнд долоо түрүүлж байсан бол хүү Кога анхны түрүүгээ авлаа.  
 


Кога Гэнки 3 настайгаасаа жүдогоор хичээллэж, дунд, ахлах сургуульдаа Японы өсвөрийн аварга болж байсан. Мөн 2019 оны Ази, Номхон далайн орнуудын аварга, 2015 онд Азийн өсвөрийн аварга, 2018 онд өсвөрийн дэлхийн аварга болж байжээ. Одоо 22 настай. Түүний ойрын зорилго зургаадугаар сард дэлхийн аварга болох. Холын зорилго нь 2024 оны Парисын олимпын наадамд түрүүлэх.
 


Кога Тошихико гурван хүүхэдтэй. Кога Гэнки ийнхүү улсын аварга болсон бол ууган хүү, 23 настай Кога Хаяато Японы оюутны аварга, Зүүн Азийн аварга, охин Кога Хиёори Японы ахлах сургуулийн АШТ-ий мөнгөн медальт.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top