Энэ өдөр түүхэнд: Анхны олимпын наадмын нээлт

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 06

Алс тэртээ 1986 оны дөрөвдүгээр сарын 6-нд Грекийн Афинд орчин үеийн Анхны олимпын наадмын нээлтийн ёслол болж байлаа. Ес хоног үргэлжилсэн тус наадамд 16 орны 241 тамирчин спортын 9 төрөлд 43 багц медалийн төлөө өрсөлджээ. Тэр үед эмэгтэйчүүдийг олимпын наадамд оролцуулдаггүй байв.

Одоогийн олимпиос ялгаатай нь Олимпын бамбар байсангүй, алтан медаль гардуулсангүй. Тамирчдын тосгон байхгүй тул тамирчид өөрсдөө хонох байр, хоол ундаа зохицуулдаг байлаа.

1894 оны зургадугаар сарын 23-нд Парист болсон ОУОХ-ны анхны чуулганаар Пьер де Кубертен олимпын хөдөлгөөнийг дахин сэргээх төслөө танилцуулсан юм. Кубертен анхны олимпыг 1900 онд Парист хийхээр төлөвлөж байсан ч бүтэн зургаан жил хүлээх нь хүмүүсийн сонирхлыг бууруулна гэж үзээд 1896 онд хийхээр болсон байна. Лондонд хийх гэж байсан ч Грекийн яруу найрагч Деметриус Викелас орчин цагийн анхны олимпын наадмыг олимпын эх орон Грект хийх нь зүйтэй гэж хэлснээр Афин хот олимпыг хүлээн авахаар болжээ.

Нээлтийн ёслолын өдрийг тохиолдлоор сонгосонгүй. 1896 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр нь Улаан өндөгний баяр төдийгүй Грекийн Үндэсний баяр болох тусгаар тогтнолын өдөр байв. Ёслолд Эзэн хаан Георг I тэргүүтэй 80 мянган үзэгч цугласан юм. Нээлтийн үгийг үе залгамжлах ханхүү Константин хэлж, 150 хүнтэй найрал дуучид Олимпын сүлд дууллыг олны хүртээл болгосон юм. Энэ ёслол Олимпыг зохион байгуулагч улсын Төрийн тэргүүн нээдэг, Олимпын сүлд дуулал эгшиглэдэг хоёр уламжлалыг үлдээсэн.

Бөх, дугуй, хөнгөн атлетик, гимнастик, усанд сэлэлт, буудлага, теннис, хүндийг өргөлт, туялзуур сэлэм гэсэн 9 төрөлд Австрали, Австри, Болгар, Их Британи, Унгар, Герман, Грек, Египет, Кипр, Дани, Итали, АНУ, Франц, Чили, Швейцар, Швед улсын тамирчид өрсөлджээ.

Тэр үед бөхийн төрөлд тогтсон дүрэм, жингийн ялгаа байсангүй. Одоогийн сонгомол барилдааны дүрэмтэй ойролцоо ч хөлд орохыг зөвшөөрдөг байв. Таван тамирчин оролцсон ч хоёр нь л жинхэнэ бөх. Бусад нь бас өөр спортын төрөлд өрсөлдөж байв. Хөнгөн атлетикийн төрөлд хамгийн олон буюу 63 тамирчин 12 багц медалийн төлөө өрсөлдсөн байна. Усан сан байгаагүй тул усанд сэлэлтийн тэмцээн Пирей хотын боомтод явагдсан. Тамирчдын ихэнх нь усан цэргүүд байжээ. Зохион байгуулагчдын саналаар усан цэргийн хувцастай 100 метрийн сэлэлтийн төрлийн тэмцээн бас явагдсан байна.

Хаалтын ёслол дөрөвдүгээр сарын 15-нд болж, Эзэн хаан Георг I түрүүлсэн тамирчдад мөнгөн медаль, хоёрдугаар байр эзэлсэн тамирчдад хүрэл медаль гардуулсан байна. Гуравдугаар байрыг тодруулдаггүй байв.

Нийт дүн

Хамгийн олон медаль хүртсэн тамирчид

Герман Вайнгертнер (GER) - 3 алт, 2 мөнгө

Карл Шуман (GER) – 4 алт

Альфред Флатов (GER) – 3 алт, 1 мөнгө  

Роберт Гарретт (USA) – 2 алт, 1 мөнгө

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.70.33.242) 2021 оны 04 сарын 07

Алтан медаль олгооүй гэчихээд бас юу бичээд унав аа?\n

0  |  0
Анх(202.179.24.17) 2021 оны 04 сарын 06

Анхны олимп 1896 онд явагдсан. Энд 1986 онд болсон мэтээр дэмийрчээ.

0  |  0
Top