БТСУХ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 06

Засгийн газрын тохируулагч агентлаг– Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц болон албаны бусад хүмүүс өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах талаар  санал солилцлоо.
 

Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн үйл ажиллагаа, ачаалал нь ихэвчлэн 4-р сараас нэмэгддэг. Иргэдийн хувьд өглөөний 06.00 цагаас эхлэн дугуйн болон гүйлтийн замуудыг түшиглэн дасгал хөдөлгөөн хийдэг.  Дулаан орсон үед эдгээр зам талбайн хүрэлцээ зарим тохиолдолд иргэдэд хүрэлцдэггүй гэж байна.

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцын зүгээс нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дасгал хөдөлгөөнөөр дамжуулан ард иргэдийг эрүүл, зөв амьдралын хэмнэлд хэвшүүлэх, хүүхэд залуусыг спортод дур сонирхолтой болгоход чиглэсэн бүхий л ажлуудыг дэмжинэ. Мөн олон нийтэд хүрэлцдэггүй зам, талбайг шинээр барьж байгуулах, засаж шинэчлэхэд  хамтарч ажиллах боломжтойгоо илэрхийллээ.

Түүнчлэн иргэдийг өвлийн улиралд ч дасгал хөдөлгөөн хийх боломжийг бүрдүүлж,  цана, тэшүүр, хоккейн талбайг шинээр байгуулах талаар санал солилцсон юм. Мөн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д өмнө нь байгуулсан спортын зам талбайн ашиглалтыг нэмэгдүүлэх, мэргэжлийн спортын холбоодын үйл ажиллагааг дэмжих зэрэг хэд хэдэн  чиглэлд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-тай “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулан ажиллахаар боллоо.

БТСУХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top