Фото: Матадорын сургуулийн нэгэн өдөр

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 07

Испанийн Мадрид хотын Лас-Вентас цэнгэлдэхэд бухын тулаан бололгүй удаж байна. Цар тахлын улмаас олон нийтийн арга хэмжээнүүд цуцлагдсан ч энд залуу тамирчид бэлтгэлээ хийсээр байгаа.

Лас-Вентас бол коррида, бухын тулааны хамгийн алдартай газар. 23 мянган хүнтэй цэнгэлдэхтэй. Энэ бол корридагийн Испани дахь хамгийн том талбай юм.

Энд корридагийн мэргэшсэн тусгай сургуультай бөгөөд Испани, Франц, Өмнөд Америкаас сурагчид ирдэг байна.

Одоо тус сургуульд 70 сурагч байгаагийн 4 нь охин.

9 настайгаас нь сургуульд авдаг. 14 настайгаасаа тэд бяруутай тулалдаж эхлэнэ. Гэхдээ үзэгчдийн өмнө биш.

16 настайдаа шилдэг сурагчид мэргэжлийн тамирчин болох эрхтэй.

Хөл хорионы үед хаалттай байсан ч одоо гараа ариутгаж, амны хаалт зүүн, сургалтаа дахин эхлүүлсэн. Зайгаа ч барьж байгаа.

Сурагчид үдээс өмнө жирийн сургуулийнхаа хичээлд суугаад үдээс хойш нь энд ирдэг. Хүчний дасгал, цувтай гүйх зэрэг дасгал хийн, ур чадвараа сайжруулна.

Хамгийн сонирхолтой хичээл нь бух, тореадор болж тоглох.

Нэг нь бух болж дайран, нөгөөх нь бултана. Бухын эвэр цувны хаагуур өнгөрч байгааг маш сайн хянах ёстой.

Сургуулийн багш Мигель Родригес “Энэ төрлөөр мэргэжлийн тамирчин болох маш хэцүү. Хөлсөө их гоожуулахаас гадна төрөлхийн мэдрэмж, авьяастай байх ёстой. 100 хүүхдээс 5-6 нь л мэргэжилд ордог. Жинхэнэ авьяаслаг хүн 10 жилд ганц л төрдөг” гэж ярьж байна.

Амьтан хамгаалагч, хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагуудын эсэргүүцлийн улмаас коррида үзэгчдээ алдаж байгаа ч сургуулиуд ажилласаар байгаа. Энэ бол Испанийн соёлын өвийн нэг хэсэг гэж Родригес хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top