Баянгол дүүргийн Спорт цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа

2021 оны 04 сарын 07

Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Адъяасүрэн нарын албаныхан Баянгол дүүргийн XV хороо 40-р сургуулийн баруун талд шинээр баригдаж буй “Спорт цогцолбор”-ын барилга угсралтын ажлын явцтай танилцлаа.

Энэхүү төсөл уг нь 2014 онд эхэлсэн боловч 2016 онд хөрөнгө оруулалтыг нь зогсоож царцаасан. Улмаар өнгөрсөн 2020 онд “царцаасан барилгын жагсаалт”-аас гарч ажил дахин эхэлжээ.

Спорт цогцолбор үндсэн 3 хэсэгтэй. Нэгдүгээр блок нь Баянгол дүүргийн биеийн тамир, спортын хорооны буюу оффисын зориулалттай. Хоёрдугаар блок нь 25 метрийн дөрвөн зам бүхий усан бассейн болон  сургуулийн өмнөх насны багачуудад зориулсан 3х3 хэмжээтэй жижиг бассейнтай, 200 үзэгчийн суудлаас бүрдэнэ. Харин  гуравдугаар блок нь спортын тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт явагдах боломжтой, стандарт бүхий 2 спорт заалтай, 200 үзэгчийн суудалтай. Мөн гаднах ил талбайд болон B1 давхартаа үйлчлүүлэгчдийн  автомашиныг байрлуулах зогсоолтойгоор шийдсэн байна.

Ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг 2021.05.01-нд товлосон байсан боловч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ажлын  явц удааширсан.  Хил гааль хаагдсантай холбоотойгоор усан бассейны хэсэгт шаардлагатай тоног төхөөрөмж хил дээр гацжээ. Төслийн гүйцэтгэгчээр “Молор Констракшн” ХХК ажиллаж байна гэж БТСУХ-ноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top