NBA-гийн “индиан” залуу Кайри Ирвинг 30 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23

Өнөөдөр 30 нас хүрсэн Кайри Ирвинг дэлхийг хавтгай гэдэгт итгэдэг, индианчуудыг гэрбүлээ гэж боддог, буг чөтгөртэй тэмцдэг ийм л залуу даа. Ингээд Кайри Ирвингийн ертөнцөөр зочилцгооё.

Дэлхийн хамгийн том лигийн нэг болох НБА-г тойрсон домог яриа, түүх маш олон. Гэхдээ ялалтын төлөөх зүтгэл, амжилт, рекорд гэсэн яриа ихэнх нь. Майкл Жорданы хувиа хичээсэн зан, Кобэгийн өөрийгөө төгс болгох гэсэн хүсэл, ЛеБроны зохион байгуулах авьяас чадвар гээд л. Талбайн гаднах адал явдал гэвэл Карим Абдул-Жаббарын иргэний идэвх, хиппи Билл Уолтон, Деннис Родманы зугаа цэнгэл, зодоон нүдээнийг хүн болгон мэднэ.

Гэхдээ цаг үе болгон өөрийн баатартай. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, нийгмийн тэгш байдлын эсрэг тэмцэл ихэссэн өнөө үед өвөрмөц, этгээд байдлын гол төлөөлөгч нь Кайри Ирвинг болоод байна. Ковидийн үед вакцин хийлгэсэн тамирчдыг л тоглуулна гэхэд Кайри вакцин хийлгэхгүй гэж эсэргүүцсэн. Одоо ч багийнхаа талбай дээр тоглож чадахгүй хэвээр байна. Кайри вакцин биед хортой гэж эсэргүүцээгүй, харин хүнд ямар тариа хийлгэхийг нь Засгийн газраас зааж, тушааж болохгүй гэсэн зарчмаа л илэрхийлсэн юм. 

Кайригийн сүүлийн 5 жилд хийсэн “гавьяа”:

• Кливленд багтай аварга болсныхоо дараа од тоглогчдоос анх удаа Леброн Жеймсийн “дарлалаас” зугтсан. Дараа нь утсаар уучлал гуйсан байдаг.  

• Дэлхий хавтгай гэдэг онолыг дэмждэг.

• Америкийн уламжлалт Талархлын баярыг шүүмжилж, Зул сарын баярыг бүх нийтийн амралт болгосныг шүүмжилсэн.

• Бостон багтай гэрээгээ дахин байгуулна гэж амлаад жилийн дараа Бруклинд анд найз Кевин Дюранттай нэгдсэн. “Би хэнд ч ямар ч өргүй” гэж тэр үед мэдэгдсэн.

• 2019/20 оны улирлыг цар тахлын улмаас тусгай орчинд дуусгахыг эсэргүүцсэн залуу тоглогчдын толгойлогч болсон.

• Капитолийг Доналд Трампын талынхан эзэлсний дараа багтаа очилгүй, долоон тоглолт тасалсан. Харин энэ үед улстөрийн онлайн хуралд оролцож, телевизээр гарсан.

Нэг хэсэг Ирвингийн ярьж байгаа зүйлийг хүн ойлгоход хэцүү болсон байв.

“Сэтгэлийн алхими бол маш сонирхолтой зүйл. Би энэ талаар маш сайн мэднэ. Та бүхэн хүний биед байдаг долоон эрчим хүчний төв гэж мэднэ. Үнэндээ бол найман төв байдаг юм. Мөн хүн болгоны духан дээр гурав дахь нүд байдаг. Энэ нүд сэрэл, сэдлийг өдөөдөг. Би бясалгалыг шинэ түвшинд гаргаад хүн маш олон мэдлэг олж чадахыг нээсэн. Сэтгэл зүйн талаар гэгээрч, баяжих нь материалаг ертөнцийг танин мэдэхээс хамаагүй илүү. Энэ талаараа би Никола Теслатай ижил. Би иймэрхүү бодолтой хүмүүсийн амьдралын замыг судлаж үзлээ. Тэд эсвэл цагаасаа өмнө үхсэн, үгүй бол алуулсан байна. Тэднийг суутан гэж нэрлэхгүй бүгд галзуу солиотой гэж байж” гэж ярьж байв.

Жил ирэх тусам тэр нийгэм, амьдралаас холдож байлаа. 2018-2019 оны улирлаас лигт түүнийг сэтгэл зүйн асуудалтай болж гэж анх ярьж эхэлсэн юм. Гэсэн ч Ирвинг өөрийнхөөрөө ажилласаар ядуу айл өрхөд туслаж, ковидийн үеэр бага орлоготой айл өрхөд 323 мянган ам.доллар хандивлан, 200 мянган хоол өгсөн байдаг.

Хэдэн сарын өмнө тэр хэвлэлтэй харилцахгүй гэж шийдээд мөнгөн торгууль хүлээсэн.

“Бидний төлсөн торгуулийг ядуу зүдүү хүмүүст зориулна гэж найдаж байна. Дэлхий дахинд байдал хэцүү байна. Би энэ ертөнцөд хайр дурлал, энх тайвны төлөө ирсэн. Тийм болохоор намайг болон манай багийн анхаарлыг өөр зүйлд битгий хандуулах гээд бай. Урлагийг ойлгож үнэл. Бид онцгой чиглэлд явж байгаа. Би шатрын хүүнүүдтэй харьцдаггүй. Би өөр илүү том зүйлд анхаарлаа хандуулахыг хүсэж байна” гэж тэр хэлсэн.

4 настайдаа ээжээ алдаж, индиан хүн болсон

Кайриг ойлгохын тулд хэлсэн үгнүүдийг нь сонсоход хангалтгүй. Тэр заримдаа хэлсэн үгээ үгүйсгэж, хүнд бодол санаагаа хүргэж чаддаггүй. Харин түүний биеийн шивээснүүд эзнээсээ илүү яриад өгч чадах байх.

Elizabeth Irving

Кайригийн үзэл бодол тогтоход хамгийн чухал нөлөө үзүүлсэн хүн бол Элизабет Ирвинг ээж нь. Гэхдээ тэр ээжийгээ бараг мэдэхгүй. Түүнд тэр сахиусан тэнгэрийн жигүүртэй шивээсээ зориулсан. Түүнийг 4 настай байхад нь ээж нь нас барсан юм.

Элизабетийн ээж нь Стэндинг-Рокийн индиан омгийн гишүүн байлаа. Түүнийг төрөөд дөнгөж ес хонож байхад нь Христийн номлогчид өргүүлсэн гэдэг. Элизабетийн индиан гарал Ирвингийн амьдралд их нөлөө үзүүлсэн юм.

VII XIII

Ээжийнхээ төрсөн өдөр болох наймдугаар сарын 13-ныг шивүүлжээ. Аав Дредерик АНУ-д сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар ажиллаж байсан тул бяцхан Кайри байнга тоглолт үзсээр сагсан бөмбөгт эргэлт буцалтгүй дурласан юм.

DAL/KES just to 3 of us

Кайри аав, эгч дүү нартаа зориулан, DAL (Drederick, Asia, London) шивээс хийлгэсэн. Гэхдээ дотор нь бас KES (Kyrie, Elizabeth, Shetellia) гэж бий.

London

Дүү охин Лондондоо зориулсан шивээс.

Irving

Сахиусан тэнгэрийн далавчтай овгоо шивүүлсэн.

Индиан омог

“Нэг хэсэг би аав, гэрбүлийнхэнтэйгээ хэл амаа ололцохгүй болсон байлаа. Хаашаа явах, юуг зорихоо ч мэдэхгүй. Яагаад гэвэл би хаанаас эхэлснээ мартсан байсан юм”

Кайри эх үндсээ олох гэж удаан хайсан. 2016 онд тэр өөрийгөө Стэндинг-Рокийн индиан омгийн удам гэж зарлалаа. Тэр индиан омгийн түүхийг судлаж, амьдралын хэв маягийг нь сонирхож эхэллээ.

Жилийн дараа Су тойргийн оршин суугчдад 100 мянган ам.доллар хандивлаж, охин Азуригийн хамт омгийн гишүүн болсон байна.

“Ээж минь нас барсан ч надад бат бэх гэрбүл үлдээсэн. Индианчуудын хувьд би хөндлөнгийн ивээн тэтгэгч төдий биш гэрбүлийнх нь гишүүн болохыг хүсэж байна. Бид цусан холбоотой. Бидний зам өөр байсан ч хамтдаа байх тавилантай юм”

Омгийн гишүүн болох ёслол таван цаг үргэлжилж, Ирвинг Hela буюу “Бяцхан уул” гэсэн индиан нэртэй боллоо.

Мэдээж шинэ гэрбүлдээ шивээс зориулсан.

Омгийн сүлд тэмдэг.

Индиан маягийн амьдралын хэв маягаа тэр НБА-д оруулж ирж, 2020 онд Бостоны цэнгэлдэхийг сөрөг энергиэс салгахын тулд ёслол үйлдсэн.

Саяхан нэг тоглолт дээр индиан таяг бариад хүрээд ирсэн. Энэ таягаар эртний индианчууд бороо, эрүүл мэнд, идэх хоол дээд тэнгэрээс гуйдаг байжээ.

Түүний зүүн мөрөн дээр Хамса хэмээх тэмдэг бий. Хар цагаан хэл амнаас хамгаалдаг тэмдэг.

Бүхнийг харагч нүд.

Энэ шивээсийг анх харсан сагсан бөмбөгчид түүнийг бүрэн солиорч гэж бодож байсан ч энэ тэмдэг Хамсагийн нэгэн адил хамгаалдаг бэлгэ тэмдэг юм.

Хятад луу

Мэдлэг ухаан, эрүүл мэнд, амжилт авчирдаг эд.

Амьдралын зарчим

Ирвингийн амжилт ур чадвараас гадна амьдралын зарчимтай нь салшгүй холбоотой.

H&H Hungry & Humble

Өлсгөлөн, хүлцэнгүй.

“Энэ уриаг би ааваасаа авсан. Би цаашид ахихын тулд өлсгөлөн байх ёстой. Харин өөрөөрөө үлдэхийн тулд хүлцэнгүй байх хэрэгтэй”

Faith

Итгэл.

Түүнийг яг юунд итгэдгийг хэлэхэд бэрх. Дээд тэнгэр үү, сүнс үү, бурхан уу? Магадгүй бүгдэд нь нэгэн зэрэг итгэдэг байж болох.

Honest

Шударга.

“Үнэн маш олон хүнийг шархлуулж болно. Энэ нийгэмд үнэнийг хэлдэг хүнд бүгд дургүй. Харин Ирвинг хэчнээн хэцүү ч байсан үнэнийг л хэлэхийг эрмэлздэг” гэж Дюрант нэг удаа хэлж байлаа.

The journey to the reward

Ирвинг хамгийн том баялаг бол эрдэм мэдлэг гэж үздэг. Тэр ертөнцийн нууцыг тайлахаар хичээсээр байна.

Friends

“Энэ цувралыг би өөрийн үеийнхэндээ тохирохгүй гэж боддог байлаа. Залуу байсан болохоор хөндөж байгаа сэдвийг нь ойлгохгүй байсан хэрэг. Харин одоо үзэх дуртай. Фэн нь гэхэд болно”

Ирвингийн бие дээр сармагчин, азарган тахиа, арслан, загас гэх мэт өөр олон шивээс бий ч утгыг нь хэн ч тайлж чадаагүй байгаа.

2018 онд өвөө нь нас барсны дараа түүнд тун хэцүү байжээ. Бостон баг нь энэ хүнд үед дэмжлэг үзүүлээгүй тул тэр жилийн дараа Бруклинд шинэ гэрбүлтэй болсон юм.

Ээжийгээ эрт алдсан, тамирчин аавын хатуу хүмүүжил гээд Ирвинг гэрбүлийн аз жаргалтай бага нас үзээгүй. Тийм болохоор тэр индиан омгоос эхлээд шинэ баг гээд гэрбүлийн хайр хайгаад явж байж болох. Кайрид хайр хэрэгтэй. Хайр байгаа цагт тэр багаа аваргын тавцанд аваачиж чадна. Харин бага зэрэг гомдоочиход л бүхнийг хаяад яваад өгч мэдэх хүн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top