Японы чөлөөт бөхийн холбооноос эмэгтэй шигшээ багаа энэ сарын 13-нд эхлэх Азийн аваргын тэмцээнд илгээхгүй байхаар шийдвэрлэлээ. Японы эмэгтэйчүүд олимпын 6 жингээс тавд нь эрхээ авчихсан байгаа. 50 кг-д Юи Сүсаки ганцаараа олимпын эрхийн тэмцээнд оролцож байна. Бусад тамирчид Азийн аваргад оролцохоор энэ сарын 8-нд PCR шинжилгээ өгч, бүгд сөрөг гарсан.
Гэвч дараа нь шинэ коронавирусний халдвар авсан хүнтэй багийн нэг гишүүн ойрын хавьтал болсон байх сэжиг гарсан. Бөхийн холбооноос “Чөлөөт бөх бол шууд контакттай спорт. Тэмцээн болох газар очсон хойноо халдвар илэрч, бусад тамирчдад халдвар тараах эрсдэл өндөр байгааг харгалзан, шигшээ багийг гадаад илгээхээс татгалзлаа” гэж мэдэгдсэн байна.
Уг нь Азийн АШТ тус орны бөхчүүдийн хувьд нэг жилийн дараах гадаадын тэмцээн болох ёстой байсан юм. Харин эрэгтэй чөлөөт, сонгомол барилдааны бөхчүүд Азийн аваргад оролцоно.
Азийн АШТ-д Маюз Мүкайда, Рисако Кавай, Юкако Кавай, Сара Дошёо, Хироэ Минагава нарын олимпын шигшээ багийхан оролцох төлөвлөгөөтэй байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )