Энэ сард явагдсан Бүх Японы аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний 73 кг-ийн жинд түрүүлээд зодог тайлснаа зарласан олимпын хос хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Масаши Эбинүма энэ сарын 15-нд хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Эбинүма энэ жил 31 настай.
Тэрээр хэвлэлийн хурал дээр “Өнгөрсөн жил дотоодын тэмцээнд ялагдаад цаашдаа олон улсын тэмцээнд ялахад хэцүү юм байна гэж бодоод зодог тайлахаар шийдсэн. Олимпын наадамд түрүүлж чадаагүй ч замналаа бүхэлд нь аваад үзэхэд харамсах зүйл алга. Эцсээ хүртэл дайрч, урагш довтлох гэсэн хүсэл зорилгоор барилдсан, чадсан гэж бодож байна. Цаашдаа PARK24 багтаа багш дасгалжуулагчаар ажиллана. Өнгөрсөн сард энэ дэлхийг орхисон Кога ах шигээ багш болох мөрөөдөлтэй. Кога ахаасаа маш их юм сурсан. Анх түүний барилдааныг үзээд л олимпын наадамд оролцох хүсэлтэй болж байлаа. Би олимпод очихдоо заавал түрүүлнэ гэж хэт их бодоод сэтгэл зүйн хувьд алдсан, шатсан тал бий. Багшийн хувьд ажиллахдаа энэ дутагдлаа засаж, шавь нартаа сайн зөвлөх болно” гэж ярилаа.
Эбинүма Риогийн олимпын дараа 73 кг-ийн жинд шилжин, Токиогийн олимпод оролцох зорилго тавьсан ч Оно Шёохэйг давж чадаагүй юм.
Сэтгэгдэл ( 0 )