Энэ сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө АНУ-ын Флорида мужийн Жексонвиллд холимог тулааны UFC 261 тэмцээн болох гэж байна. Аваргын бүсийн төлөөх гурван тулаантай тун том тэмцээн болно.
UFC холбооны хагас дунд жингийн аварга Камару Усман бүс хамгаалах тулаанаа Хорхе Масвидалийн эсрэг хийнэ. Үлдсэн хоёр тулаанд бүсгүйчүүд хүч үзнэ. Киргиз-Перугийн аварга Валентина Шевченко Бразилын Жессика Андрадетай, Хятадын аварга Чжан Вейли АНУ-ын Роуз Намаюнастай гал гарсан тулаан хийх нь ойлгомжтой байгаа. Роуз тулааны өмнө хятад өрсөлдөгчдөө коммунист болсноос үхсэн нь дээр хэмээн хэлсэн нь бас л гал дээр тос нэмээд байгаа.
Харин бидний хувьд UFC холбооны монгол тулаанч Д.Батгэрэл хамгийн их сонирхол татаж байгаа нь мэдээж. Түүний өрсөлдөгч нь АНУ-ын Кевин Нативидад. 28 настай. Холимог тулаанд 11 тулалдаж, 9 ялж, 2 ялагдсан үзүүлэлттэй. 5 удаа хүнд цохилтоор, 3 удаа өчиж, боох мэхээр ялж байжээ. Манай тамирчны хувьд холимог тулаанд 8 ялж, 2 ялагдсан. Тулааны хамгийн том холбоо болох UFC-д гурав дахь тулаанаа хийх гэж байна. Аргентины Guido Cannetti-г ялснаасаа хойш нэг жил, нэг сарын дараа тэмцээнд орж байгаа юм. Нийт 13 тулаан болох бөгөөд Дана Батгэрэл 10 дахь тулаанд гарах болно.
Өнөөдөр тэмцээнд оролцох тамирчид жингээ үзүүлж, бүх тамирчид жиндээ орсон байна.
UFC 261
Камару Усман (169,5 фунт) — Хорхе Масвидаль (170 фунт)
Чжан Вейли (114,5) — Роуз Намаюнас (114,5)
Валентина Шевченко (124,5) — Жессика Андраде (124,5)
Юрайя Холл (185) — Крис Уайдман (186)
Энтони Смит (206) — Жим Крют (205,5).
Данаа Батгэрэл (136) - Kevin Natividad (135.5)
Сэтгэгдэл ( 0 )