Стриптиз баарнаас UFC-д хүрсэн Жо Роган

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 24

Жо Роганыг манай холимог тулаан сонирхогчид сайн мэднэ. Роган бол энэ холбоог үүсгэн байгуулагчдын нэг. Гэхдээ холимог тулааныг түгээн дэлгэрүүлэхийн тулд анх цалингүй ажилладаг байлаа. Жо өөрөө ч тулаанч хүн. Тэр Америкийн таэквондогийн олон удаагийн аварга  ч эрүүл мэндийн байдлаас их спортоо орхисон юм. Мөн Америкийн шилдэг стендап жүжигчин бөгөөд подкаст нь 100 сая ам.доларын үнэ хүрсэн билээ.

Жо Роган 1967 оны наймдугаар сарын 11-нд Нью-Жерсид төрсөн. Аав нь итали, ээж нь ирланд хүн. Эцэг Жозеф цагдаа байсан бөгөөд хүүхдийнхээ нүдний өмнө эхнэрээ байнга зоддог маш хатуу харгис хүн байжээ. Жог таван настай байхад эцэг эх нь салжээ.

“Аавынхаа талаар санаж байгаа зүйл гэвэл гэрбүлийн хүчирхийлэл. Гэхдээ намайг зоддоггүй байсан тул би бага насаа хүнд хэцүү өнгөрсөн гэж хэлэхгүй. Аавыгаа тэр цагаас хойш дахиж хараагүй” гэж Жо нэгэнтээ дурссан.

Ээж нь Жог дагуулаад шинэ байр хайж эхлэв. Сан-Францискод гурван жил амьдраад Гейнсвиллд шилжээд Массачусетс мужийн Ньютон Аппер Фолст амьдрах боллоо. Жо 14 настайгаасаа каратэ, таэквондогоор хичээллэж, таван жилийн дараа Америкийн хөнгөн жингийн аварга боллоо. Тэр бүрэн контакттай таэквондогоор Массачусетс мужийн аваргаар дөрвөн жил дараалан шалгарсан юм. Мөн сонирхогчдын кик-боксоор ч хичээллэж байв.

Гэвч байнга толгой өвдөж, бие нь муудсан тул Роган 21 настайдаа спортоо орхин, хошин урлагт шилжиж, стендап уран бүтээлч болсон юм.

“Миний хувьд тулааны урлаг, хошин урлаг хоёр холбоотой. Бэлтгэл хийх хүч чадал барагдах үед би өөрөө өөрийгөө дооглон хошигносноор эрч хүчтэй болдог байсан”

1988 онд сургуулиа төгсөөд тэр Бостоны нэгэн клубт анхны тоглолтоо хийсэн юм. Жилийн дараа Массачусетс их сургуульд элссэн ч сонирхолгүй байсан тул хаялаа. Бостоны стриптиз клубт хэсэг тоглолт хийсний эцэст тогтмол ажилтай болжээ. Удалгүй түүнийг продюсер Жефф Сассман Нью-Йорк хотод урьсан байна.

1994 онд Жо Лос-Анжелест шилжиж, MTV Half-Hour Comedy Hour шоунд тоглов. Түүнтэй гурван жилийн гэрээ байгуулах санал тавьсан ч Жо татгалзаж, Disney Network-ийг сонголоо. Жилийн дараа NBC NewsRadio-д найруулагч, зохиолчоор ажиллаж эхэллээ. 1999 онд Warner Bros. Records-той гэрээ байгуулж, хошин үзүүлбэрийн гурван цомог гаргасан нь улс орон даяар зарагджээ. Телевизийн ажлаас гадна холимог тулааны UFC холбоонд сэтгүүлч хийж, хэд хэдэн ярилцлага хийсэн юм. АНУ-д тус холбоог хориглож, санхүүгийн хямралд ороход Жо бүтэн жил үнэгүй ажиллаж байлаа.

UFC холбооны тэргүүн Дана Уайт “Хэрэв авьяас чадвараар нь харьцуулбал Жо Роган хамгийн шилдэг нь. Түүний уран сайхан тайлбарлалтын ачаар манай холбоо маш хурдан өсөн дэвжсэн. Жо тулаанд дуртай болохоор энд байгаа. Тэр холбооны эхний 12 тэмцээнийг үнэгүй тайлбарласан” гэж ярьж байв.

Гэхдээ ямар ч цалин хөлсгүй UFC-ийн ажлыг телевизийн ажилтай байнга хослуулах боломжгүй. Ингээд тэр 1999 онд холбооноос гарсан байна.

“Би UFC-д 1997 оноос ажилласан. Тулааны дараа ярилцлага авдаг байлаа. Тэр үед UFC жижигхэн холбоо байсан тул мэдэх хүн ховор. Кабель телевизээр гарахгүй, хиймэл дагуулын сувгаар л үзэж болно. Би тэр үед тулааны урлагийн хүн, хүмүүст заадаг багш байлаа. Хошин шогт орохоосоо өмнө би таэквондо, кик боксын маш олон тэмцээнд ороод үзчихсэн, мэргэжлийн тамирин байв. Тийм болохоор холимог тулааны тэмцээн үзэх сонирхолтой байлаа. Дараа нь жи жицүгээр хичээллэж эхэлж байхад UFC холбоо ярилцлага хийгээч гэсэн санал тавьсан юм. Би хоёр жил ажилласан. Сайхан байсан ч би мөнгөний алдагдалтай ажиллаж байв. Амралтын өдрөөр клубт хошин шог үзүүлбэр үзүүлэхэд л UFC-д байснаас илүү орлоготой. Тийм болохоор би гарсан. Уайт тайлбарлагч хийгээч гэж гуйсан ч би татгалзсан” гэж Жо ярьсан.

Хоёр жилийн дараа Роган Fear factor шоунд оролцож, дэлхийд нэрд гарлаа. Дана Уайт түүнийг холбоонд эргэн ирээч гэж гуйсаар байв.

2002 онд Роган UFC 36 тэмцээнийг үзэж байхдаа Данатай тулааны талаар ярилцсан байна.

“2001 онд Zuffa гэдэг компани UFC-ийг худалдан авсан байлаа. Тэд Лас-Вегаст шоу хийж байхад нь би найзуудтайгаа яваад очлоо. Надад үнэгүй билет өгөөд л. Тэр үед холбоо жижигхэн байсан болохоор ямар ч хамаагүй алдартнуудыг урих гэж хичээдэг байв. Би Уайттай ярьж суутал тэр намайг тулаан тайлбарлаач гэж байна. Үгүй дээ, би зодоон үзээд, сархад ууж суух гэж ирсэн гэтэл тэр салахгүй шалсаар байгаад тайлбарлуулсан юм” гэж дурсаж байв.

Энэ цагаас хойш Роган Лас-Вегаст болдог тэмцээнийг үе үе тайлбарлаж байгаад дараа нь албан ёсоор тэмцээн бүрт ажиллах болсон юм. Харин одоо бол тэр UFC холбооны нүүр царай, өөрөөр хэлбэл дуу хоолой нь болжээ. Жо Wrestling Observer-ийн шилдэг тайлбарлагчаар 2 удаа шалгарч, World MMA Award-ын Оны шилдэг эрхмээр 4 удаа тодорсон байна.

2009 онд Жо “The Joe Rogan Experience” гэдэг подкаст гаргалаа. Тэр янз бүрийн ододтой цуг улс төр, шоу бизнес, холимог тулааны талаар хууч хөөрдөг байв. Энэ подкастаар хүмүүс Жо Роган гэж хэн бэ гэдгийг илүү сайн ойлгох болсон юм. Тэр шууд эфирт Илон Масктай хамт өвс татаж байсан удаатай. Роган багаасаа хар тамхи хэрэглэж байсан. Ээж нь хиппи байсан нь ч нөлөөлсөн биз.

2018 онд Жо Netflix платформ дээр “Хачирхалтай хэрэг” кино бүтээсэн. Тэр одоо ч Америкаар хөндлөн гулд явж, стендап тоглолт хийдэг хэвээрээ.

Өнгөрсөн жил Жо “The Joe Rogan Experience” подкастаа Spotify-д зарсныг Wall Street Journal 100 сая ам.долларын наймаа гэж дүгнэсэн байдаг. Роганы подкастыг 8,41 сая хүн дагадаг, сар бүр 200 сая хандалт авдаг гэж байгаа.

Жо энэ наймааны талаар мэдэгдэл хийгээгүй, ирээдүйн төлөвлөгөөгөө хүмүүст дэлгээгүй. Гэхдээ ганц юм тодорхой байгаа нь тэр холимог тулаанд хайртай хэвээр, UFC-ийн тэмцээнийг тайлбарласаар байх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top