UFC 261: Камару Усман ДӨРӨВ дэх удаагаа аваргын бүсээ хамгааллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 25

Өнөөдөр АНУ-ын Флорида мужийн Жексонвиллд болсон UFC 261 тэмцээний гол тулаан нь UFC холбооны хагас дунд жингийн аварга Камару Усман,  Хорхе Масвидаль нарын тулаан байлаа.

Тэр хоёр эртний дайснууд. 2020 оны долдугаар сарын 12-нд Абу-Дабид болсон UFC 251 тэмцээнд тэд таарч, Усман шүүгчдийн саналаар ялж байсан. Энэ тэмцээнээс өмнө л Масвидаль Усманыг байнга аймхай хулчгар, уйтгартай зодолддог гэж шүүмжилдэг байв. UFC 251 тэмцээнд Усман Гилберт Бернстэй тулалдах ёстой байсан ч тэмцээнээс зургаа хоногийн өмнө Бернсийн коронавирусний шинжилгээ эерэг гарч, оронд нь Хорхе гарч ирсэн юм. Зургаахан хоногийн өмнө тэмцээнд орохоо мэдсэн гэхэд Хорхе дажгүй сайхан тулалдсан билээ. Холбооны ерөнхийлөгч Дана Уайт хоёр тамирчны дайсагналыг мэддэг тул Хорхег өрсөлдөгчөөр оноосон, тэмцээн ч маш орлоготой болсон юм. Гэхдээ үнэнийг хэлэхэд тулаан уйтгартай явагдсан. Усман өрсөлдөгчөө торонд шахаж ноолсоор ялсан гэхэд болно. Тэр тэмцээний дараа Усман энэ оны хоёрдугаар сард Гилберт Бёрнсийг хүнд цохилтоор ялсан бол Масвидаль есөн сар тулалдаагүй. Гэхдээ байнгын бэлтгэлтэй байгаагаа мэдэгдэж байв. Тэрээр “Тахианы далавч бяцалж байгаа мэт Усманы нүүрний ясыг хугалах мөчийг тэсэн ядан хүлээж байна. Чи олон үгтэй новшийн амьтан. Чамайг хашраагаад өгнө” гэж хэлж байлаа.

Ингээд дайснууд өнөөдөр торон дотор халз уулзлаа. Хорхе өмнө нь зургаа хоног бэлтгэл хийгээд л гарч байсан бол энэ удаад хангалттай бэлтгэсэн. Харин үзэгчид өнгөрсөн жилийнх шигээ уйтгартай тулаан болох юм биш биз гэсэн эргэлзээтэй.

Тулаан өнөөдрийн бусад тулаан шиг л хурдан дууссан. Усман эхний үед хэвтээд үзэлцэх гэж хичээсэн ч удаан дарж чадахгүй байлаа. Харин Хорхе мултарч гараад зогсоогоос үзэх сонирхолтой. Усманы хатгалтууд зовох юмгүй байндаа тусаж байсан ч Масвидаль инээн, өрсөлдөгчөө барьц алдуулахыг хичээнэ. Гэвч Усман хатгалтууд нь оновчтой байгааг мэдэж байлаа. Хоёрдугаар үед тэр энэ удаад хатгах биш баруун гартаа хамаг хүчээ шингээн цохисон нь яг шанаанд нь бууж, Хорхе нам уналаа.

Тэмцээний дараа Усман “Хүчирхийллийг хүсээд байвал би хүчирхийллээр л хариуг нь барина. Гэхдээ би  Хорхе Масвидалийг хүндэлж байгаагаа хэлэх нь зүйтэй. Тулааны өмнө түүнээс өөр хэн ч намайг ингэж стрэсстүүлж байсангүй. Юу чаддагаа харуулахын тулд би маш их бэлтгэл хийсэн. Одоо би UFC холбооны жин харгалзахгүй хамгийн шилдэг нь боллоо” гэж мэдэгдсэн. Тэр хагас дунд жинд 14 дараалан ялж, 13 ялж байсан Жорж Сен-Пьерийн рекордыг эвдлээ.

Харин ялагдсан Хорхе Масвидаль “Намайг өмнө нь хэн ч ингэж цохиж байгаагүй. Фэнүүдээсээ уучлал гуйж байна. Усман яллаа. Би түүнийг хэвтээд л үзэлцэнэ гэж бодож байтал харин тэр хүчтэй цохилттой юм. Хэт өөртөө итгэлтэй байх ийм аюултай. Гэхдээ зүгээр, би эргэн ирнэ” гэж ярьсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top