Шатар: Ян Непомнящий Магнус Карлсентэй тоглох эрх авлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 27

ОХУ-ын Екатеринбург хотод шатрын дэлхийн аварга цолын төлөө тоглох эрх горилогч шилдэг найман мастерийн тэмцээн боллоо. Орос гроссмейстер Ян Непомнящий нэг тойргийн өмнө түрүүлэх болзлоо хангаж, дэлхийн аварга Норвегийн Магнус Карлсентэй тоглох эрхийг авлаа. Ян 13 тоглоход ганц л хожигдсон бөгөөд одоогоор дэлхийн чансааны 4-т бичигдэж байгаа.

Екатеринбургийн тэмцээн шатрын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн тэмцээн болж байна. Тэмцээний хоёр тойргийн хооронд бүтэн жил өнгөрсөн байлаа. Үүнд мэдээж цар тахал буруутай. Өнгөрсөн жилийн хавар цар тахал дэлхийд тархаж эхэлж байхад ФИДЕ тэмцээн уралдаанаа хуваарь ёсоор хийхээр хичээж байлаа. Бусад спортын төрлүүд тэмцээнээ цуцалж, хойшлуулж байхад шатарчид 2020 оны гуравдугаар сарын 27-нд Екатеринбургт ямар ч гэсэн тэмцээнээ эхлүүлсэн. Хятадын Дин Лижэню, Ван Хао нар ОХУ-д карантинд суугаад тэмцээндээ орсон бол 2019 оны Дэлхийн Цомын аварга, Азербайжаны Теймур Ражабов аюулгүй байдлын үүднээс татгалзаж, оронд нь Вашье-Лаграв дуудагдсан билээ.

Ингээд Орост 2018 оны ДАШТ-ий финалд шалгарсан Фабиано Каруана, Вашье-Лаграв, Дин Лижэнь, Ван Хао, Гран-при ФИДЕ тэмцээнээс шалгарсан Непомнящий, Грищук, wild card-аар Кирилл Алексеенко, чансааны оноогоор гарсан Аниша Гири гэсэн найман шатарчин цугласан юм. Тэд 2020 онд нэг тойрог бүтэн тоглож амжсан. Непомнящий тэр үед эхний тоглолтдоо Гириг хараар хожиж чадсан нь ийнхүү 13 сарын дараа маш чухал оноо болсон. Тамирдыг зочид буудалд үзэгчгүй, сэтгүүлчидгүй, хатуу нөхцөлд тулалдаж байх хооронд цар тахлын байдал дэлхийн дахинд улам хүндэрсээр байлаа. Удалгүй ОХУ-ын Засгийн газар хилээ хааснаар ФИДЕ тэмцээнээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаагаа зарласан. Хэзээ дахин үргэлжлэх нь намар хүртэл тодорхой бус байлаа. 2020 оны 11 дүгээр сард дахин тоглох гэж байсан ч коронавирусний хоёр дахь давлагаа дэгдэж бүтсэнгүй. Ингээд шатарчид 2021 оны дөрөвдүгээр сарыг хүлээхээс өөр аргагүй болсон.

Шилдэг найм энэ сард дахиад Орост цугларлаа. Харин энэ удаад тэмцээн үзэгчтэй явагдсан юм. Цар тахлын “тэг зогсолт” Непомнящийд огт нөлөөлөөгүй, тэр сайн бэлтгэлтэй хэвээр байсан бол Вашье-Лаграв муудаж, харин Гири сэргэжээ. Гэхдээ Ян нутагтаа байдлыг хянасан хэвээр байсан бөгөөд өрсөлдөгчдөө эрсдэлтэй нүүдэл, алхам хийхэд хүргэсээр ийнхүү түрүүлж чадлаа.

Непомнящий 80 мянган еврогийн шагнал хүртсэнээс гадна дэлхийн аварга Карлсентэй тоглох эрх авч, Оросын шатрын нэр хүндийг сэргээх үйлсд зүтгэх боллоо.

Шатрын дэлхийн аваргын тулаан 11 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 16 хүртэл Дубайд Бүх дэлхийн Экспо-2021 үзэсгэлэнгийн хүрээнд явагдах юм. Шатарчид 14 өрөг тоглоно. Тэнцвэл тай-брейктэй.

Шатрын их гүрэн ОХУ Владимир Крамник 2007 онд Анандад ялагдсанаас хойш дэлхийн аваргагүй байгаа билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.69.80) 2021 оны 04 сарын 27

ОХУ-д болсон тэмцээнд орос хун л туруулдэг хууль байна, ямар ч спорт, юуны ч тэмцээн байх нь хамаагуй, яаж ийж байгаад оросыг л туруулуулнэ, ичнэ, зовно энэ тэр гэж харин ч нэг байхгуй дээ

0  |  0
Top