Реал Челсиг, Зидан Тухелийг ялж чадахгүй хэвээр

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 28

Өнөөдөр өглөө Испанид Аваргуудын лигийн хагас шигшээ эхний тоглолт явагдлаа. Эзэн хааны Реал Мадрид баг Английн Челсиг хүлээн авлаа. Хэн хэн нь дотоодын лигтээ орон гаран, ороо бусгаа тоглож байгаа хоёр баг.

Тоглолт эхлээд Челси санаачилгыг гартаа авсан. Эхний хэдэн минутад Тимо Вернер хаалганы эгц урдаас гоол хийх боломжоо алдлаа. Түүний ойрхноос хийдэг ийм алдааг бараг уламжлал, зуршил гээд хэлэхэд ч болох байх. 14 дэх минутад Пулишич Реалын хамгаалалтыг хаалгачтай нь хөнгөхөн хуураад гоол хийсэн бол мятрашгүй Бензема 29 дэх минутад хариуг нь барьсан. Бензема үнэхээр Реал багийн домог гэдгээ харууллаа. Энэ нь Каримийн Аваргуудын лигийн 71 дэх гоол байсан бөгөөд энэ лигт түүнээс олон гоол хийсэн Левандовский (73), Месси (120), Криштиану Роналду (134) гэсэн гуравхан хөлбөмбөгч байна. Гэхдээ Бензема 71 гоолныхоо нэгийг ч пенальтигаас оруулаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. 2009 оноос хойш Реалд байхдаа Бензема маш олон өрсөлдөгч довтлогчидтой хамт тоглож байсан ч тэд шахагдан явсаар, харин Карим багтаа тоглосоор байна.

Мадридын баг түүхэндээ нэг ч удаа Челсиг ялж байгаагүй түүх давтагдлаа. Багууд 1971 оны тавдугаар сарын 19-нд Цомтонгуудын Цом тэмцээнд 1:1 тэнцэж байсан бол тавдугаар сарын 21-нд Челси 2:1 ялж байв. 1998 оны Супер Цомд Челси мөн 1:0 ялж байсан. Тэд тавдугаар сарын 5-нд Лондонд хариу тоглолтоо хийнэ. Зинедин Зидан ч мөн Томас Тухелийг ялж чадаагүй цуврал үргэлжиллээ. Хоёр дасгалжуулагч таван удаа талбайд тулгарч, дөрөв тэнцэж, нэг удаа Тухель ялсан. 2019 онд Тухелийн ПСЖ Аваргуудын лигийн хэсгийн шатанд Зиданы Реалыг 3:0 ниргэж байв.

Реал Мадрид Испани – Челси Англи 1:1 (1:1, 0:0)

Эстадио Альфредо Ди Стефано

Гоол: 0:1 – 14 Пулишич, 1:1 – 29 Бензема.

Реал Мадрид – Куртуа, Карвахаль (Одриосола, 77), Милитао, Начо, Марсело (Асенсио, 77), Каземиро, Кроос, Винисиус Жуниор (Азар, 66), Модрич, Варан, Бензема (Родриго, 90).

Челси – Менди, Аспиликуэта (Джеймс, 66), Рюдигер, Тиаго Силва, Чилуэлл, Маунт, Канте, Пулишич (Зиеш, 66), Жоржиньо, Кристенсен, Вернер (Хавертц, 66).

Шар хуудас: Винисиус Жуниор (27), Пулишич (38), Кроос (60), Марсело (65), Варан (78), Одриосола (89).

Тоглолтын дараа:

Зинедин Зидан “Эхний үе тун хэцүү байлаа. Харин хоёрдугаар үед бид байдлыг хянаж чадсан. Бүхэлд нь авч үзэхэд би тоглолтдоо сэтгэл хангалуун байгаа. Бид айлын талбай дээр илүү сайн тоглодог”

Томас Тухель “Бид тоглолтыг маш зоригтой, сайн эхлүүлсэн. Эхний үеийг бид 1:0 дуусгах ёстой байсан ч Реал стандартаас гоол хийсэн. Тэдэнд эхний үед өөр боломж байгаагүй. Хоёрдугаар үед манай баг ядарч эхэлсэн нь мэдрэгдсэн. Премьер лигийн сүүлийн тойрогт хүнд тоглолт хийсэн болохоор яах ч арга алга. Бид дахиад гоол оруулах боломжтой байсан. Ялах ёстой тоглолт байлаа”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top