Энэ сарын 29-нд Сингапурт болох ONE on TNT IV тэмцээнд тун сонирхолтой тулаанууд хамрагдсан байгаа. Гол тулаанд хагас хүнд жингийн аварга Мьянмарын Аунг Ла Нсанг Голландын Риддертэй өрсөлдөх бол өмнө нь алдарт Эдди Альварес Өмнөд Солонгосын OK RAE YOON-той тулалдана. Уг нь Аунг Ла Нсанг ОХУ-ын Виталий Бигдаштай тулалдах байсан ч Виталий коронавирусний халдвар авсан тул Риддер оронд нь сонгогджээ.
Харин гурав дахь гол тулаан нь хүнд жинд явагдана. Сенегал бөхийн аварга Омар Кане, сонгомол барилдааны Европын наадмын аварга Беларусын Кирилл Грищенкотой халз үзэлцэнэ.
Омар бол 195 см өндөр, 120.1 кг жинтэй. Сенегал үндэсний бөхийн аварга бөгөөд 2019 оны 12 дугаар сард холимог тулаанд шилжиж, эхний тулаанаа хүнд цохлтоор дуусгасан. Энэ жилийн нэгдүгээр сард One Championship холбоонд шилжиж, хоёр тулаан хийхдээ хоёуланг нь хүнд цохилтоор эхний үед ялсан хүчтэн.
Харин Кирилл Грищенко бол сонгомол барилдаан буюу их спортоос холимог тулаанд орсон. 193 см өндөр, 120.2 кг жинтэй. 2017 оны сонгомолын ДАШТ-ий 130 кг-ийн жингийн шагналт тавдугаар байрны эзэн. 2019 оны Европын наадмын аварга. Гэвч цуснаас нь дегидрохлорметилтестостерон илэрч, барилдах эрхээ 2023 он хүртэл хасуулсан. Ингээд Кирилл 2020 оны аравдугаар сард холимог тулаанд шилжжээ. Беларусын BFC холбоо, NFG-д гурав тулалдахдаа бүгдийг нь эхний үед хүн цохилтоор ялсан элит тамирчин. Мэдээж бөх тул хэвтээд сайн, гэхдээ цохилт ч бас муугүй.
Сэтгэгдэл ( 0 )