Энэ өдөр түүхэнд: Айртон Сенна амиа хэрхэн алдсан бэ?

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 01

Одоогоос 27 жилийн өмнө буюу 1994 оны тавдугаар сарын 1-нд авто уралдааны түүхэн дэх хамгийн аймшигтай, хамгийн учир битүүлэг осол болсон билээ.

Замналынхаа ид үед байсан Бразилын алдарт нисгэгч, Айртон Сенна 200 км/цагийн хурдтай бетон хана мөргөсөн юм. Эмч нар чадах бүхнээ хийсэн ч түүний амийг аварч чадаагүй. Тэр өдөр яг юу болов? Бид 27 жилийн өмнөх Сан-Мариногийн Гран При тэмцээнийг эргэн дурсаж байна.

4-р сарын 28

11:00

Сеннагийн найз бүсгүй Адриана Галисто хайртынхаа ачаа тээшийг бэлтгэж байлаа. Айртон бусдаас онцгойрох дургүй тул ачаа тун бага. Солих хэдэн футболка, дотуур хувцас, Библи судар. Айртон ийм ачаатай Гран При тэмцээнд мордлоо.

13:00

Сенна гэрээсээ гарч, таксигаар нисэх буудал явав. Иргэний тээврийн нисэх онгоцоор явахыг Williams баг хориглодог тул Айртон “British Aerospace HS125” хувийн онгоцоороо нисэв.

18:00

Онгоц Италийн Форли хотод газардлаа. Сеннад зар сурталчилгааны ажил байсан тул багаасаа түрүүлж иржээ. Италид тэр Senna брэндийн унадаг дугуйны нээлтэд оролцох ёстой байв.

22:00

Сенна McLaren багийнхны байрладаг Castello зочид буудалд өрөө авлаа. Энэ буудалд тэр McLaren-д байх үеэсээ их дуртай байв.

4-р сарын 29

01:30

Хоолоо идээд өрөөндөө орлоо. Сенна нойр муутай байсан тул шөнийн 2 цагт л унтдаг байв. Энэ удаад ч мөн адил гурван цаг болж байх үед л нэг юм гүн нойронд автав.

09:00

Чөлөөт уралдаан өглөө 9 цагт эхэлж, Сенна ойрын өрсөлдөгчөөсөө нэг секундээр хурдан тойргоо дуусгажээ.

13:04

Урьдчилсан уралдаан ослоор эхэллээ. Энэ осол энэ тэмцээний сүүлийн осол биш байв. Рубенс Баррикелло ямар нэг хачирхалтай шалтгаанаар замаас гарж, хаалт мөргөлөө. Түүнийг эмнэлэгт хүргэж, урьдчилсан уралдааныг зогсоов. Сенна ослын талаар дуулаад шууд эмнэлэг явлаа. Хэдэн жилийн дараа Барикелло дусал залгуулаад хэвтэж байхад нь орж ирсэн Сеннагийн нүд жирийн биш байсан талаар дурссан байдаг. Нэг л түгшүүртэй харагдаж байсан гэдэг.

21:00

Тамирчид оройн хоолоо чив чимээгүй идлээ. Сенна түрүүвчин доторх хайртынхаа зургийг үзэж суув.

4-р сарын 30

12:00

Урьдчилсан хоёр дахь гараа ид дундаа үргэлжилж байв. Өчигдрийн ослыг түр зуур мартсан Сенна уралдаандаа анхаарч, тойрог бүрийг шилдэг үзүүлэлтээр дуусгаж байв.

13:12

Сан-Мариногийн авто уралдааны зам дахин гашуудалд автлаа. 24 цагийн дотор дахиад нэг осол болов. Энэ удаад Австрийн нисгэгч Роланд Ратценбергер хамаг хурдаараа давхиж яваад хана мөргөжээ. Түүний амийг аварч чадсангүй.

13:20

Сенна юу болсонд итгэж чадахгүй байсан тул өөрөө ослын газарт очиж үзжээ.

15:10

Урьдчилсан уралдааныг сэргээн явуулсан ч ихэнх тамирчин оролцсонгүй. Сенна ч мөн адил.

5-р сарын 1

09:30

Сенна тамирчдын хурал зарлан хуралдууллаа. Нисгэгчид аюулгүй байдлын ажлын хэсэг байгуулах талаар ярилцаж, тохиролцлоо.

13:00

Уралдаан эхлэхэд нэг цаг үлдлээ. Ямар ч хүнд байдлаас гарч чаддаг Сенна энэ удаад нэг л биш. Царайг нь харахад л уралдаанд оролцох хүсэл огт байхгүй нь мэдэгдэж байв.

14:17

Гараа эхлээд 17 минут өнгөрөхөд гурав дахь осол гарлаа. Энэ ослыг Формула-1 уралдааны хамгийн учир битүүлэг осол гэж сэтгүүлчид нэрлэсэн юм. Эргэлт дээр Сенна хаалтыг 209 км/цагийн хурдтай мөргөсөн байв.

14:19

Уралдааныг зогсоолоо. Эвдэрсэн машин дотроос Сеннаг гаргаж байгаа дүрс дэлхийн өнцөг булан бүрт шууд дамжуулагдаж байв. Португалд байсан Сеннагийн найз бүсгүй “Сайн юм боллоо. Сенна эрт гэртээ ирэх нь” гэж хэлж байсан гэдэг. Гэвч хэдхэн минутын дараа тэр маш том осол болсныг ойлгоод ухаан алдан унах болно.

14:22

Ослын газарт тэр үеийн хамгийн шилдэг эмч Сид Уоткинс очлоо. Сеннагийн тархи цөмөрсөн байсан тул дуулган дороос нь цус тасралтгүй олгойдон урсаж байжээ. Амийг нь аврах ямар ч арга байхгүй гэдгийг эмч хараад л ойлгосон байна.

14:25

Энэ үед Берни Эклстоун уралдааныг үргэлжлүүлэн явуулах шийдвэр гаргасныг дараа нь олон хүн шүүмжилсэн юм.

14:57

40 минутын дараа уралдааныг үргэлжлүүллээ. Сан-Мариногийн тэр Гран Прид түрүүлсэн Михаэль Шумахер амьралд дахь хамгийн гашуун ялалт байсан гэж ярьсан байдаг.

5-р сарын 3

Хэвлэл мэдээллээр ослын шалгааныг нисгэгчийн буруу, тэр удирдлагаа алдсан гэж бичиж байв. Гэвч хэдэн өдрийн дараа Имолагийн трассыг буруутгаж эхэллээ. Замын хучлагыг уралдаан болохоос хэдхэн өдрийн өмнө сольсон байв. Олон баг тэр үед зам муу гэж гомдол гаргаж байсан юм.

5-р сарын19

Ослын шалтгаан нь дугуй хагарсан гэсэн таамаг гарсан ч шинжээчдийн техникийн үзлэгээр батлагдсангүй.

1995 оны нэгдүгээр сар

Ослоос хэдэн сар өнгөрсний дараа албан ёсны дүгнэлт гарлаа. Сеннагийн машины жолоонд эвдрэл гарсны улмаас удирдлагаа алджээ. Хана мөргөх үед түүний дуулганд араа төмөр зоогдсон байна.

1997 оны 12 дугаар сар

Williams багийн ерөнхий зохион бүтээгч Эдриан Ньюи, Имола трассын албаны төлөөлөгч Федерико Бендинелли, Жоржио Погги нарыг шүүхээс гэм буруугүй гэж үзлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top