Жил бүр уламжлал болон явагддаг Япон дахь монголчуудын Хаврын баяр энэ жил тавдугаар сарын 3-4-нд цахимаар явагдах боллоо. 1999 оноос эхэлсэн тус баяр Наран улсад амьдарч, ажиллаж, суралцаж байгаа монголчуудын хамгийн том баяр юм. Өнгөрсөн жил цар тахлын улмаас цуцлагдсан тус баярыг энэ жил цахимаар зохион байгуулахаар боллоо. Цар тахалын аюул намжаагүй байгаа ч энэ жил баярыг заавал зохион байгуулах болсон нэгэн том шалтгаан бол Токиогийн олимпын наадам юм.
Жил бүрийн Хаврын баярын арга хэмжээний томоохон хэсэг нь спортын тэмцээн уралдаан байдаг. Манай алдарт сүмо бөхчүүд бөх, уралдаан зэрэг спортын тэмцээнийг ивээн тэтгэж, шагнал гардуулдаг, зарим үед өөрсдөө ч барилддаг уламжлалтай.
Нэг жил хойшлогдсон Токиогийн олимпын наадам долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8 хүртэл үргэлжилнэ. Шинэ төрлийн коронавирусний халдвараас сэргийлэн, энэ удаад олимпын наадамд гадаадын үзэгчдийг хүлээн авахгүй болсон. Харин дотоодын үзэгчдийг цэнгэлдэх хүрээлэнд оруулах эсэхийг ирэх зургадугаар сард шийдэх юм. Хэрэв дотоодын спорт сонирхогчдод олимпын наадмыг үзэх зөвшөөрөл олгох юм бол манай олимпын шигшээ багийг дэмжих гол хүмүүс бол Японд аж төрж байгаа монголчууд, Монгол улсыг дэмжин, хамтран ажилладаг япончууд болох учиртай билээ. Энэ утгаараа энэ жилийн Хаврын баяр манай тамирчдын хувьд чухал үйл явдал болж байна.
Хаврын баярт манай улсын иргэдээс гадна Монголд элэгтэй япончууд, Монголын шигшээ багийг олимпын үеэр хүлээн авах хотын төлөөлөгчид оролцох болно. Их аварга Хакүхо тэргүүтэй сүмочид болон Монгол улсаас Токитэнкү А.Хүчитбаатар агсны гэрбүл оролцох юм.
Японы
Намэгата хот – Хүндийг өргөлт
Яхико – Байт харваа
Изүмисано – Хөнгөн атлетик
Сакүрагава - Буудлага
Имабэцү - туялзуур
Изүнокүни – жүдо
Шимада хот – Бокс, ширээний теннисний багийг хүлээн авч, дэмжихэд бэлэн болоод байгаа.
Мөн баярын үеэр Монголын Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, дэд ерөнхийлөгч Чойжгаваагийн Наранбаатар онлайнаар оролцон, мэндчилгээ дэвшүүлнэ.
Та бүхнийг Токиогийн олимпод Монголынхоо шигшээ багийг дэмжихийг уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )