А.ГАНХУЯГ Туялзуур сэлэмний холбоог удирдана

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 02

Монголын туялзуур сэлэмний холбооны ээлжит IV цахим чуулган энэ сарын эхний өдөр хуралдаж, “Премиум”  группийн ТУЗ-ын дарга Адилбишийн  Ганхуяг  шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдов.

Мөн энэ үеэр 2021-2025 оны хооронд холбоог удирдах удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон бөгөөд З.Номундарь, А.Ганболд, С.Бат-Ерөөлт, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Н.Гантулга нар сонгогдсон байна. Тус чуулганаар 5 клубийн  80 төлөөлөгчид мандат олгосон бөгөөд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дарга  Ц.Шаравжамц, шефийн харилцаатай Японы Аомори мужийн Имабэцү хотын төлөөлөгч К.Ёшихико нар чуулганд баяр хүргэж үг хэлжээ. Япон улсын Аомори мужийн Имабэцү хот нь сүүлийн 5 жилийн хугацаанд Холбооны үйл ажиллагааг дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч спорт, соёл, боловсролын олон төслийг хамтран хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа юм. Энэхүү хоёр талын хамтын ажиллагааны үр дүнд спортын мастер Б.Амарзаяа нь Узбекистаны Ташкент хотноо зохиогдсон “Токио-2020” олимпийн эрхийн тэмцээнээс анхны медалийг хүртээд байгаа юм.

МТСХ-ны Ерөнхийлөгч А.Ганхуяг нь нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдож, цаашид туялзуур сэлэмний спортыг улсдаа эрчимтэй хөгжүүлэх, улмаар олон улс, тив дэлхийн наадамд өрсөлдөх тамирчдыг бэлтгэх, туялзуур сэлэмний спортыг сурталчлах үйлсэд хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлсэн юм. Тус холбооны ерөнхийлөгчөөр өмнө нь  2009-2013 онуудад МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, 2013-2017 онуудад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  ерөнхий захирал Ц.Даваацэрэн, 2017-2021 онуудад “Жи-мобайл”  ХХК-ийн захирал  Г.Дашням нар  ажиллаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top