Хөлбөмбөг: Сог Хён Жүн цэргээс зугтаж, Францын иргэн болно

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 05

Францын хоёрдугаар лигийн Труа багийн довтлогч, Өмнөд Солонгосын шигшээ багийн гишүүн асан Сог Хён Жүн Бүх нийтийн цэргийн алба хаах үүргээсээ зугтаахаар шийдсэн нь Өмнөд Солонгост ихээхэн шүүмжлэл дагуулж байна.

Сог Хён Жүн 29 настай. БНСУ-ын Хууль ёсоор бүх эрчүүд 28 нас хүрэхээсээ өмнө цэргийн алба хаах ёстой. Өмнөд Солонгосын OSEN хэвлэлд  бичсэнээр Сог 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө БНСУ-д харих ёстой байсан ч тэр буцаагүй. Тиймээс түүнд хэрэг үүсгэж, гадаад паспортыг нь энэ оны дөрөвдүгээр сарын 28-нд хүчингүй болгожээ. Ингээд Сог эх орондоо харьж, энэ асуудлаа шийдэх байх гэж байтал тэрээр паспортыг нь хүчингүй болгосонд хор шар нь хөдлөсөн үү, иргэншлээ солихоор шийджээ. Өмнөд Солонгосын шигшээ багт эх орныхоо төлөө тоглож байсан хүний хувьд дургүйцсэн ч байж болох.

Францын хэвлэлүүдэд “Сог Хён Жүн Францын иргэншил авахаар бичиг баримтаа бүрдүүлж эхэлсэн. Түүний өмгөөлөгч урьд өмнө цэргийн албанаас зугтаж байсан солонгос тамирчин, дуучдын жишээг судлаж үзээд Францын иргэншил авах шийдвэр гаргажээ” гэж бичсэн нь солонгосчуудын хилэнг бадраалаа.

Сог Хён Жүн 2017 оны наймдугаар сараас Францад амьдарч байгаа. Францын хууль ёсоор тус улсад таван жил тасралтгүй амьдарсан хүнд иргэншил олгодог. Согийн Труа багтай байгуулсан гэрээ энэ зун дуусна. Таван жил болоход нэг жил дутуу байгаа. Харин Согийн өмгөөлөгч түүний паспортыг нь хүчингүй болгосон шийдвэрийг эсэргүүцэн, шүүхдэх гэж байна. Шүүх хурал сунжирч, жил гаруй үргэлжлэхэд Францын иргэн болох таван жил нь гүйцнэ гэж үзэж байгаа ажээ.

Сог Хён Жүний зарга ямар үр дүнтэй төгсөхөөс цаашдаа солонгос залуучуудын хувь заяанд ихээхэн өөрчлөлт гарна. Хэрэв шүүхээс Жүний паспортыг цуцалсан нь хууль бус гэж шийдэх юм бо цаашдаа цэргийн албанаас зайлсхийсэн залуус хил давж, зугтах “уламжлал” тогтоно. Харин БНСУ ийм байдал үүсэхийг хүсэхгүй байгаа тул түүнийг БНСУ-ын иргэншлээс хасна. Энэ нь Сог дахин хэзээ ч эх орондоо харьж чадахгүй гэсэн үг юм.

2001 онд цэргийн албанаас зугтаж, АНУ-ын иргэн болсон алдарт дуучин Ю Сын Жунгийн БНСУ-д орох эрхийг нь Хууль зүйн яамнаас бүх насаар нь хассан. Ю хэд хэдэн удаа ард түмнээс уучлал гуйсан бичлэг илгээж, хүлцэл өчсөн ч түүнд одоо болтол виз өгөхгүй хэвээр байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda (154.66.132.133) 2021 оны 05 сарын 06

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 6 44 65 21 55

0  |  0
Top