Болгарын Софи хотноо тавдугаар сарын 6-9-нд чөлөөт бөхийн “Токио-2020” олимпын наадмын эрх олгох сонгомол, чөлөөт бөхийн Дэлхийн эрхийн тэмцээн болсон билээ.
Тус тэмцээнд оролцсон Японы шигшээ багийн ахлагч, Японы чөлөөт бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Нишигүчи Шигэки Болгарт коронавирусний эсрэг арга хэмжээ тун хангалтгүй байсныг хатуу шүүмжиллээ.
Хэрэв дахин ийм хариуцлагагүй байдал давтагдвал олон улсын тэмцээнд оролцохгүй байсан нь дээр гэж мэдэгдэв.
Нишигүчи Шигэки “Япончууд бид дүрэм журмаа сахидаг ард түмэн. Харин бусад орны тамирчид үнэхээр хариуцлагагүй юм. Зохион байгуулагчид ч арай хэтэрхий байлаа. Амны хаалтаа байнга зүүдэг орны тамирчид байхад зарим улсын бөхчүүд автобус дотор ч амны хаалтгүй. Тэмцээний эхний өдөр амны хаалтгүй тамирчин, дасгалжуулагч, чанга дуугаар ярьж байгаа хүмүүст зохион байгуулагчид анхааруулга өгч байсан ч сүүлдээ замбараагаа алдсан. Тамирчдын бэлтгэл хийх, бие халаах танхимд ямар ч маскгүй, хэн гэдэг нь мэдэгдэхгүй баахан хүн чөлөөтэй орж гарна. Үзэгчгүй явагдаж байгаа тэмцээн мөртлөө үзэгчтэй явагдаж байгаагаас огт ялгаа байгаагүй. Уг нь бид Польшийн олон улсын тэмцээнд тамирчдаа илгээх төлөвлөгөөтэй байсан ч ийм хариуцлагагүй байх юм бол бөхчүүдээ явуулж, эрсдэлд оруулахгүй” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ойлгомжтой ш дээ, хаа газрууд бөхчүүд ямар ялгаа байх билээ, хүнд гарууд л байгаа ш дээ, дээрээс нь тэр дэлхийн бөхийн нэгдсэн холбоо ч билүү газар чинь манай МЧБХ-оос нэг их дээрдэх юмгүй дүүрчихсэн газар юм шиг билээ