МонголУлсын Их Хурлаас 2017 онд баталсан БТС-ын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шалгах, санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулагдсан.
Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, гишүүдээр Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Б.Жаргалмаа, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Т.Энхтүвшин нарын УИХ-ын гишүүд томилогдон ажиллаж байна.
Ажлын хэсэг нь Биеийн тамир, спортын хуулийн тухай хуулийн хэрэгжилтийн тайлан, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боловсруулж байгаа Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал хүргүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх юм.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ж.Чинбүрэн нар энэ сарын 12-нд Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо болон түүний харьяа нийслэлийн зарим дүүргийн спорт цогцолборын барилгын явцтай танилцлаа.
Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагааг таван сарын өмнө эхлүүлжээ.
Энэ төв нь судалгаа шинжилгээ, туршилт хийх, сургалт дасгалжуулалтын шинэ арга барил нэвтрүүлэх, үндэсний шигшээ багийн тамирчдаас бэлтгэлжилтийн түвшин тогтоох сорил авах, биеийн тамирын арга зүйч, дасгалжуулагчдад сургалт зохион байгуулахаас гадна биеийн тамир, спортоор хичээллэгч иргэд, олон нийт, тамирчдад спортын анагаах ухааны лавлагаа тусламж, спортын гэмтлийг эмчлэх, нөхөн сэргээх үйлчилгээг амбулатори хэлбэрээр үзүүлдэг.
Спортын төв ордны барилгад БТСУХ-ноос гадна “Спортын төрөлжсөн дунд сургууль” хичээл сургалтаа явуулдаг.
Нэг хичээлийн жилд дунджаар 500 орчим сурагч хичээллэдэг. Бокс, чөлөөт бөх, жүдо, хөнгөн атлетик, хүндийн өргөлт, цана, ширээний теннис, шатар гэсэн спортын 8 төрөлд өсвөрийн тамирчин бэлтгэгддэг. Зориулалтын бус байранд 2009 оноос хойш хичээллэж байна. Сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, багтаамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Хичээлийн байрыг шинээр барих ажил Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан.
Сэтгэгдэл ( 0 )