Ирина Ологонова: Олимпын шигшээд багтана гэж найдаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 13

Буриадын Улаан-үдэд болсон эмэгтэй чөлөөт бөхийн ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд буриад бүсгүй Ирина Ологонова түрүүлсэн билээ. Ира зургаан жилийн дараа улсын аварга болж байгаа юм. Түүнтэй ОХУ-ын Спорт бөхийн холбооны сэтгүүлч А.Алимова уулзан ярилцжээ.

-Би найдвартай ялахыг хичээж барилдсан. Гараад л шууд 10:0 ялья гэсэн зорилго байгаагүй. Эхний оноог авч тэргүүлнэ, дараа нь байдлаасаа шалтгаалан, тактикаа сонгоно гэсэн бодолтой байсан. Бараг бүх барилдаан төлөвлөгөө ёсоор боллоо. Финалын барилдаандаа сэтгэл хангалуун байгаа.

-Дасгалжуулагч тань байнга л хашгарч суугаа харагдсан.

-Багш санаа нь их зовдог болохоор үргэлж загнадаг. Тэд чинь тамирчин биднээс илүү стрессддэг хүмүүс. Бид бол гараад л барилдана. Мэдээж барилдааны өмнө сэтгэл хөдөлж, зовних үе бий. Гэхдээ барилдаан эхлэхэд бүгдийг мартдаг. Үзэгчид, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө сандраад зогсоод байж таарахгүй. Манай буриад хөгжөөн дэмжигчид дэлхийн хамгийн сайн дэмжигчид.

-Та хамгийн сүүлд хэзээ улсын аварга болж байв?

-Маш эрт, 2015 онд шүү дээ. Зургаан жилийн дараа дахин түрүүлсэн болохоор нулимсаа барьж дийлсэнгүй. Ялаад яаж баярладагаа ч бараг мартсан байна.

-Тэмцээнд түрүүлэхгүй удахад зодог тайлах бодол төрж байсан уу?

-Болье, их спортоо орхих боллоо гэсэн бодол огт төрж байгаагүй. Барилдах, ялах хүсэл байнга байдаг. Гэмтэл бэртэл саад болоод яагаад ч юм тэмцээнд түрүүлж чадахгүй, мөнгө, хүрэл медаль л аваад байдаг байлаа. Заавал нэг юм тохиолдоно. Энэ бараан үеийг даван туулсандаа баяртай байна. Дасгалжуулагч Андрей Владимирович Бузины дэмжлэг их чухал байлаа. Заримдаа багш минь надаас илүү тэмцээнд түрүүлэх хүсэлтэй байгаа мэт санагддаг. Намайг илүү өндөр амжилтад хүрч чадна гэж байнга итгүүлдэг хүн дээ, багш минь.  

-Дөрвөн жилийн өмнө та олимпын эрхийн төлөө барилдахаар 53 кг-ийн жинд шилжиж байсан. Харин одоо 57 кг-д барилдаж байна.

-Би жин хасдаггүй. Яг өөрийн жиндээ барилдахад амар байдаг. Харин жин дутуу байхад хэцүү. Хүмүүс хоёрхон кг-ийн ялгаа юу байна гэж боддог. Харин их спортод энэ 2 кг хасахад тун хэцүү.

-Олимпын мөрөөдлөө орхиогүй биз дээ?

-Олимпын наадамд оролцохын төлөө л бэлтгэл хийж байна. Зөвхөн оролцох биш түрүүлэх нь миний зорилго. Олимпын шигшээ багт багтах боломж надад олгоно гэж маш их найдаж байна.

-Төрөлх Буриаддаа тэмцээнд оролцоход хэр байна?

-Маш хариуцлагатай, маш сайхан байдаг. Энэ олон хүн дэмжиж байхад  ялахын төлөө л үзэлцэнэ. Буриадууд маань надаас зөвхөн ялалтыг л хүсдэг. Сая надад нэг талаас баяртай ч нөгөө талаас аймшигтай санагдаж байлаа. 2019 онд Буриадад болсон УАШТ-д би хагас шигшээд ялагдаад, дараа нь хүрлийн төлөө бас ялагдсан. Хүмүүс тэр үед намайг яаж дэмжиж байсныг одоо ч санадаг. Тийм болохоор энэ удаад алдаагаа засаж, заавал түрүүлэх ёстой байсан.

-Таныг гудамжинд алхаж байхад хүмүүс таньдаг уу?

-Танина, хүүхдүүд ч гэсэн. “Манай Ира явж байна” гээд л. “Таныг зурагтаар харахад их том харагддаг. Ийм жижигхэн байсан юм уу” гэж их хэлдэг.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
овид(103.212.117.245) 2021 оны 05 сарын 14

30 гарцан Буриад байна, Олимпод Оросууд ийм настай хүн явуулахгүй л гэнэ

0  |  0
Зочин(66.181.179.236) 2021 оны 05 сарын 13

Олимпын шигшээдээ багтахгуй бол Монголын нэр дээр явна гэж ярьдаг улс даа энэ буриадууд, унэхээр тасархай сайн л биш бол оросын шигшээд ороход хэцуу, оросуудаа л явуулна гэдэг, бага ястан, орос бус ундэстнуудээ илт гадуурхдаг улс ш дээ

0  |  0
Top