Яг нэг жилийн өмнө сүмо бөх ковидоор амиа алдаж байлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 13

Өнгөрсөн жилийн энэ өдөр буюу 2020 оны тавдугаар сарын 13-нд мэргэжлийн сүмо бөхөд коронавирусний халдвараар амиа алдсан анхны тохиолдол гарч байсан билээ.

Санданмэ зиндааны 28 настай бөх Шёобүши халдвар аваад дөрөвдүгээр сарын 8-наас эмнэлэгт эмчлүүлсэн ч харамсалтайгаар нас барсан юм.
 


Тэр үед Токио хот анхны хөл хориогоо тогтоож, мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээн дөнгөж цуцлагдаад байв. Японд анх удаа 30 хүрээгүй залуу хүн ковидоор амиа алдсан тохиолдол нь энэ байснаас гадна мэргэжлийн тамирчин нас барсан тул гадаад дотоодын хэвлэлээр маш их гарч байсан.

Японы сүмо бөхийн холбооноос үүний дараа долоодугаар сарын тэмцээний үеэр авах арга хэмжээ, бөхчүүдийн бэлтгэл төдийгүй хувийн амьдралдаа даган мөрдөх шинэ журмыг баталсан юм. Сүмочид, засуул, ояката нарыг тэмцээн болгоны өмнө шинжилгээнд хамруулж эхэлсэн. Хэд хэдэн дэвжээнд халдвар голомтлон гарч, энэ он гараад их аварга Хакүхо хүртэл халдвар авсан ч холбооноос тэмцээнээ хатуу хязгаарлалтын дор зохион байгуулсаар байна.
 


Энэ бүхний үр дүнд дахин сүмогийн ертөнцөд амиа алдсан явдал гарсангүй. Бөхчүүд, ояката нарыг хэрэгцээтэй тохиолдлоос бусад үед гадагш гарахыг хориглосон ч энэ дүрмийг зөрчсөн хэд хэдэн ояката шийтгэл хүлээж, Токицүказэ ояката ажлаа хүлээлгэн өгсөн. Одоо Токиод болж байгаа Зуны тэмцээний өмнө дүрэм журмыг зөрчсөн Рюүдэн башёд барилдах эрхээ хасууллаа.

Цаашдаа цар тахал хэзээ намдаж, орон нутагт тэмцээн зохион байгуулагдах вэ гэдгийг хэн ч таамаглах аргагүй байна.

Шёобүши 2020 оны 4-р сарын 4,5-нд 38-аас дээш халуурсан тул ояката нь Эрүүл мэндийн газарт утасдсан ч холбогдоогүй байна.

4-р сарын 4-6-нд дэвжээнийхээ ойролцоох хэд хэдэн эмнэлэгт очсон ч хүлээн авсангүй.

4-р сарын 7-нд Эмнэлэгт очиж, эмчээс зөвлөгөө авсан ч шинжилгээ өгөх аппарат байсангүй.

4-р сарын 8-нд халуун буулгүй, цустай цэр гарч байсан тул түргэн тусламж дуудсан ч хүлээж авах эмнэлэг олдолгүй явсаар орой нь нэгэн их сургуулийн эмнэлэгт хэвтжээ. Шинжилгээний хариу сөрөг гарав.

4-р сарын 9-нд бие нь муудаж, өөр эмнэлэгт шилжлээ.

4-р сарын 10-нд PCR шинжилгээгээр хариу эерэг гарлаа.

4-р сарын 19-нд бие нь муудаж, эрчимт эмчилгээний тасагт шилжжээ.

5-р сарын 13-нд 00.30 цагт нас баржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top