Катар 2022 дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан шатны Азийн F хэсэгт Япон, Тажикстан, Киргиз, Мьянмар, Монголын багууд өрсөлдөж байгаа.
Японы баг 15 оноотой тэргүүлж, Тажикстан 10 оноотой удаалан, Киргиз 7, Мьянмар 6, Монголын баг 3 оноотой байгаа билээ.
Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард Мьянмарт цэргийнхэн төрийн эргэлт хийж, засгийн эрхийг гартаа авсан. Эсэргүүцсэн олон мянган хүн шоронд хоригдож, хэдэн зуун хүн амиа алдсан. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос Мьянмарын багийг тэмцээнээс хасах талаар хэлэлцэж эхэлсэн ч Мьянмарын хөлбөмбөгийн холбооноос тэмцээндээ оролцоно гэдгээ илэрхийлжээ.
Азийн F хэсгийн үлдсэн тоглолтууд Японд явагдахаар болсон. Мьянмарын баг зургадугаар сарын 11-нд Киргиз, 15-нд Такикстаны багтай тоглох ёстой. Энэ хоёр тоглолтын дүнгээс хэсгийн хоёрдугаар байрны эзэн буюу дараагийн шатанд шалгарах багийн нэр тодрох учиртай. Мьянмарын хөлбөмбөгийн холбоо багаа Японд илгээж, тоглолтод оролцуулна гэдгээ амалсан байна. Гэхдээ шигшээ багийн хүч ихэд суларчээ. Зарим тоглогч улстөрийн үймээний улмаас хөдөө нутагтаа харьсан бол зарим тамирчин шигшээ багт тоглохоос татгалзсан байна.
Сэтгэгдэл ( 0 )