ОХУ-ын Чеченийн тэргүүн Рамзан Кадыров энэ сарын 12-нд инстаграм хуудсаараа Дагестаны холимог тулаанч Хабиб Нурмагомедовыг илт дайрч, гутаасан мэдэгдэл хийсэн нь холимог тулааны ертөнцөд нэгэн шуугиан болоод байна.
Спортын бүхий л үйл явдалд оролцдог, өөрийгөө холимог тулаанч мэтээр үздэг Рамзан бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний “эрх хүүхэд” гэхэд болно. Хөлбөмбөгийн лигийн тэмцээнд Чеченийн баг ялагдахад шүүгчийг загнаж, тамирчдыг нутагтаа урин, элдэв бэлэг сэлтээр дардаг хэт эрх мэдэлтэй, нэг ёсны дарангуйлагч этгээд. Саяхан түүний хүү Адам боксын тэмцээнд ороход рингний шүүгч өрсөлдөгч нь хүнд цохилт аваагүй байхад тоолоод эхэлсэн. Үзэгчид гайхаж байх зуур өрсөлдөгч тамирчны дасгалжуулагч нь цагаан алчуур хаяад ил тод бууж өгч байлаа.
Рамзан Кадыров 2018 оноос Хабибийн ялалтыг тэмдэглэж, бэлэг өгч эхэлсэн. Конорыг ялсных нь дараа Хабибад Mercedes W222 машин бэлэглэсэн бол хагас жилийн дараа аавд нь Mercedes ML өгч байлаа.
Тэр үед Хабиб “Өнөөдөр Чечениэс аавд минь бэлэг ирлээ. Ахдаа их баярлалаа. Хамгийн гол нь надаад болон аавд минь, Дагестаны олон гэрбүлд анхаарал тавьж байгаад баярлаж байна. Ах дүү Дагестаны ард түмэнд хийсэн олон сайхан үйлсийг чинь би мэднэ. Бурхан танд эрүүл мэнд, урт удаан нас хайрлах болтугай” гэж бичиж байв.
Тэгвэл яагаад Кадыров Хабиб руу дайрах болов? Тэдний хооронд юу тохиолдов?
Юуны өмнө Кадыровын инстаграмд хэлсэн үгийг танилцуулья.
“Хабиб UFC холбоонд 100 хувь мандан бадарсан ч манай “Ахмат” клубын тамирчдыг ялах эсэх нь эргэлзээтэй. Би ямар ч жинд түүний эсрэг “Ахмат”-ын тамирчин гаргаж болж байна. Би Хабибад UFC холбооноос илүү мөнгө гаргахад бэлэн байна. UFC-д тэр ялж байхад бид түүнийг дэмжиж байлаа. Харин “Ахмат”-д бол бид өөрсдийн тамирчдаа дэмжинэ” гэж ярьсан.
Ингээд зогссонгүй Хабибийн ялгуусан замналыг гутаасан юм.
“Хабиб сайн тамирчин ч тэр бол UFC холбооны төсөл. Дана Уайттай сайн харилцаатай болохоор Хабиб 100 хувь холбооны төсөл. Хэрэв хэн нэг тулаанч тэмцээнд оролцоогүй бол чансаанаас тэр дор нь хасдаг. Харин Хабибийг нэг ч удаа чансаа буулгаж байгаагүй. Хабиб өөрөө ч UFC холбооны төсөл гэдгээ мэдэж байгаа. Хэрэв тэр төсөл биш байсан бол ОХУ-ын далбаатай торонд гарч ирэх байсан. Харин түүнийг ОХУ, Дагестаны далбаатай гарч ирэхийг би огт харж байгаагүй. Тэр ямар ч алдаа гаргалгүй, төсөл ёсоор аварга болсон хүн. Энэ бол баримт. Тэр өөрөө ч зөвшөөрөх байх. Би Хабибийг аварга биш гэж хэлээгүй. Тэр аварга. Гэхдээ өөрийн ажлаа яаралгүй, зөв зүйтэй, цэвэрхэн хийсэн. UFC холбоо хэрэв хүсвэл хэнийг ч аварга болгож чадна. Хоёр жил зодолдоогүй байсан хүнийг ч ч аваргуудтай тулалдуулж чаддаг. Манай Хамзат Чимаев өвдөөд нэг тэмцээнд ороогүй байхад чансаанаас шууд хасаж байлаа. Би та нараас илүү Хабибийг мэднэ. Тэр бол төсөл” гэж дайрсан билээ.
Энэ үеэр Шведийн чечень гаралтай тулаанч Хамзат Чимаев орж ирэн, “Хэрэв тэр хүсвэл бид түүнийг ч урж, тасалж орхино” гэж мэдэгдсэн. Чечений цагаач энэ залуу хэл ам хурц ч одоогоор шилдэг тулаанчидтай гар зөрүүлж амжаагүй байгаа. Магадгүй Рамзан түүнийг UFC холбоонд аварга болгох гэж Хабибтай маргалдуулах сонирхолтой байж болох. Ямар ч гэсэн Рамзан Кадыров Хабибтай дайн зарлаад эхэлсэн нь ойлгомжтой боллоо. Учир шалтгааныг нь зарим шинжээчид Хабиб Кадыровын дуудах болгонд гүйж очдог бууны нохой байхыг хүсээгүйтэй холбож байна. Мөн хэдэн жилийн өмнө Рамзан Кадыров Кавказын эрх чөлөөний тэмцлийн удирдагч Шамиль Имамыг “Олон жил дайн хийж, Чеченийн ард түмний тоо цөөрөхөд гол үүрэг гүйцэтгэсэн буруутан” гэж шүүмжлэхэд Хабиб эрс эсэргүүцэж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )