Н.Төгсцогтын тулаан цуцлагдлаа

Админ | Zindaa.mn
2021 оны 05 сарын 16

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Нямбаярын Төгсцогт маань ( 13 тулаан, 12 ялалт,9 КО) энэ сарын 29-нд АНУ-ын Калифорниа мужийн Карсон хотноо Мексикийн боксчин “El Venado” хочит Луис Альберто Лопес Варгастай ( 21 ялалт, 11КО, 2 ялагдал) тулалдах тов зарлагдаад байсан билээ. Хоёр боксчин 57,2 кг-ийн жинд тулалдах байсан ч тулааны тов гарсан өдрөөс л мексик боксчин жингээ өөрөөр тохирох саналыг хэд хэдэн удаа гаргаж, энэ санал нь биелэх боломжгүй болохоор тулаанаас татгалзсан байна. WBC холбооноос энэ тухай мэдээлсэн бөгөөд манай Төгсөөг  ойрын 2-3 сарын дотор багтаан том тулаан хийлгэх тухайгаа тун удахгүй албан ёсоор зарлах ажээ.  Тэгвэл ямар тулааныг хэнтэй хийхийг мэргэжилтнүүд мөн таамаглаад эхэлсэн байна.

WBC холбооны 57,2 кг-ийн жинд дэлхийн аварга цол, бүсийг эзэмшиж буй Гэри Расселиас манай Төгсөө “даагаа нэхэх” болзлоо хэдийнэ биелүүлсэн ч Рассель тулаан хийлгүй яг нэг жил, гурван сар боллоо. Тэрбээр өөрийн дээд жингийн  бусад холбооны дэлхийн аваргуудыг тулаанд дуудсан болж, арга саам хийсээр байгаа тул WBC холбооноос түүнийг доод жингээс дэвшин орж ирсэн Мексикийн Рей Варгастай  (34-0) тулалд хэмээн шахаж байгаа.

Мэргэжлийн боксын ертөнцийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад Гэри Рассель  жин өгсөн цолны төлөө биш ч байсан хамаагүй тулаан хийнэ гэж яригдаж байна. Ингэвэл WBC-ийн 57,2 кг-ийн жин аваргын суудал эзгүйрч,  чансааны нэг, хоёрдугаарт бичигдэж буй Рей Варгас,манай Төгсөө хоёрыг “interim champion”  буюу түр зуурын аваргын бүсийн төлөө ч тулалдуулах магадлал тун өндөр болж байна даа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top