Цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон Токиогийн олимпын наадам эхлэхэд 65 хоног үлдлээ. Дэлхий нийтэд цар тахлын аюул намжаагүй, хүнд хэцүү үе дуусаагүй байгаа ч зохион байгуулагчид олимпын наадмаа амжилттай хийхээр хичээн ажилласаар байна.
Энэ өдрүүдэд олимпын наадмын гол бэлгэ тэмдэг Олимпын бамбарын буухиа үргэлжлэн, Японы 47 муж, хотыг тойрон аялж байгаа бөгөөд муж, хот, дүүрэг бүр нутгийнхаа алдартнуудыг Бамбарын буухианд томилж, бамбар Токио хотыг зорин, дүрэлзэн ассаар байна. Энэхүү Бамбарын буухианд монгол залуу оролцох болсон таатай мэдээ Япон орноос ирлээ. Тоттори мужийн Спортын хорооноос Токиогийн олимпын бамбарын буухианд “Тоттори Жёохокү” ахлах сургуулийн багш, сүмо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгсийг сонгожээ. Түүнтэй ярилцсан шинэхэн ярилцлагыг хүргэж байна.
-Юуны өмнө Олимпын бамбарын буухианд оролцох болсонд баяр хүргэе. Японы олон алдартан энэ буухианд оролцож байгаа.
-Баярлалаа. Олимпын бамбар Японы бүх аймгаар аялаж байна. Аймаг болгон өөрийн Бамбарын буухианд оролцох хүмүүсээ шалгаруулж байгаа. Манай Тоттори аймгаас 52 хүн оролцоно. Би Японд ирээд 20 жил болжээ. Энэ хугацаанд аймгийнхаа баг тамирчдыг удирдан, Үндэсний спортын наадам зэрэг улсын хэмжээний тэмцээнүүдэд оролцож, аймгийнхаа нэрийг тодорхой хэмжээгээр гаргаж байсан. Мөн Монгол Улсынхаа нэрийн өмнөөс дэлхий, Ази тивийн тэмцээнүүдэд оролцож байсан, олон шавь бэлтгэсэн гэдгээрээ шалгарсан гэж бодож байна. Тоттори аймгийн Спортын хорооноос өнгөрсөн жилийн хавар надад утсаар энэ талаар мэдэгдсэн.
-Танай аймгаас өөр ямар тамирчид Бамбарын буухианд оролцож байгаа вэ?
-Тоттори аймгаас Токиогийн олимпын боксын шигшээ багийн тамирчин бүсгүй, олимпын байт харвааны тамирчин, 1992 оны Барселонагийн олимпод оролцож байсан хөнгөн атлетикийн ахмад тамирчин буухианд гүйх юм. Мөн урлагийн салбарын хоёр төлөөлөгч оролцоно. Тоттори хотод ирэх Бямба, Ням гарагуудад Бамбарын буухиа явагдана. Би 22-ны орой 19 цагт яг хаалтын ажиллагааны өмнө, сүүлээсээ хоёрт гүйхээр болсон байгаа.
-Токио олимпын буухианд танаас өөр монгол хүн оролцож байгаа юу?
-Мэдэхгүй, би сонсоогүй.
-Японд цар тахлын байдал ямар байна? Хэд хэдэн мужид Засгийн газраас онц байдал зарлачихлаа.
-Байдал их ширүүн байгаа. Өдөр бүр халдварын тоо нэмэгдэхээс биш огт буурахгүй байна. Манай Тоттори аймаг халдварын тоогоор нийт 47 мужид хамгийн бага нь байсан. Харин сүүлийн үед нэлээд нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт сургуулийн есөн хүүхэд коронавирусний халдвар авсан тул аймгийн бүх ахлах, дунд сургуулийн секц, дугуйлангийн үйл ажиллагааг зогсоосон.
-Токиогийн олимпын наадмыг цуцлах хөдөлгөөн Японд өрнөж байгаа мэдээ гарсан. Таны хувьд ямар бодолтой байгаа вэ?
-Хэвлэл мэдээлэл, ард иргэдийн байр сууринаас харахад эсэргүүцсэн шинж хандлага их байна. Энэ айхтар өвчин тарж байхад олимп зохион байгуулах хэрэг байна уу гэж хүмүүс их шүүмжилж байна. Харин тамирчдын хувьд бол олимп болох ёстой гэж үзэж байгаа. Таван жил хүлээсэн наадам шүү дээ.
-Р.Гантөгс багш олимпын ямар төрөл үзэх дуртай вэ?
-Өөрөө чөлөөт бөхөөр барилдаж байсан болохоор чөлөөт бөхийн тэмцээн үзэх дуртай. Тасалбарын сугалаанд оролцсон ч одоогийн байдлаар тасалбарын худалдаа, сугалаа зогсчихсон байгаа. Бас жүдо үзмээр байна. Монголчуудын амжилт гаргах магадлалтай буудлага, бокс гэсэн төрлүүдийг үзэж, улс эх орноо дэмжинэ.
-Монголтой ойрхон Японд олимп болж байгаад монголчууд ихэд олзуурхаж, Олимпын аварга төрөх байх гэж найдаж байгаа. Таны хувьд?
-Би чөлөөт бөхийнхөндөө их найдаж байгаа. Олимпын аварга биш юм гэхэд медаль аваасай гэж дотроо залбирч сууна. Би Төв аймгийн Эрдэнэсант сумын хүн. Аймгийнхаа залуусыг харна. Г.Мандахнаранд маш их итгэж, найдаж байна.
-Танаас асуухгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол сүмо бөх. Монголын маш олон сүмочийн амжилтад хүрэх замыг зааж өгсөн хүн. Одоо мэргэжлийн сүмод таны хэдэн шавь барилдаж байна вэ?
-Монголоос Тэрүнофүжи, Ичиножёо, Миторюү, Рога, Хокүсэйхо, Араүма гэсэн зургаан шавь байна. Японоос арван шавь маань мэргэжилд хүч сорьж байгаа. Г.Өсөхбаяр аваргын ууган хүү Ө.Дэмиджамц над дээр бэлтгэл хийж байсан. Одоо Дошишияа их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан. Мөн Улсын начин Б.Батжаргалын (Сүхбаатар аймгийн Асгат сумын харъяат) ууган хүү Б.Мөнх-Идэр зургаан жил манайд суралцсан, одоо их сургуулийн 1 күрст сурч байна. Жүдо, самбо бөхийн ОУХМ Б.Ариун-Эрдэнийн ууган хүү А.Сүхбат бас Японд их сургуулийн нэгдүгээр курст сурч байна. Сайхан хүүхдүүд байгаа, амжилттай сайн барилдана гээд харж явдаг. Улсын заан Ч.Батзоригийн хүү Асахирюү Б.Дэнзэнсамбуу Асахияма дэвжээнд барилдаж байгаад зодог тайллаа.
-Тэрүнофүжи маш хүнд гэмтлээс эргэн ирж, озэки цолоо буцаан авч чадлаа. Сүмогийн түүхэнд гарч байгаагүй үйл явдал болсон. Энэ хүнд хэцүү үед нь та ямар зөвлөгөө өгч байв?
-Манай Тэрүнофүжи анх огцом гарч ирэхдээ өөртөө маш итгэлтэй, омогтой, ер нь өөрийнхөөрөө залуу байсан. Тэгээд гэмтэл бэртлээс болоод доош унахдаа олон зүйл бодсон юм шиг байгаа юм. “Багш аа, би өмнө нь өөрийнхөөрөө л зүтгэдэг үе байсан. Миний буруу. Одоо 29 нас хүрлээ. Хамаг юмаа шавхаж байгаад дээр үлдсэн ганц банцүкэнд хүрчих юмсан” гэж сэтгэл санаагаа уудлаад ярьдаг болж байна. Миний хувьд озэки хүнд өгөөд байх зөвлөгөө гэж юу байх вэ. Багшийн хувьд “Биеэ бодоорой” гэх зэрэг юм л хэлдэг. Өвдгөндөө хүнд гэмтсэн тэр үед банцүкэ унасан ч байсан хамаагүй, шууд хагалгаанд орох байсан. Тэр үед хоёр өвдгөө бүрэн эдгээсэн байсан бол ёкозүна болчих байсан гэж би дотроо харамсдаг. Аргацааж явсаар байгаад бие нь даахаа байгаад доош унасан. Хагалгаа оройтоод цаг алдсан.
-Ичиножёод монголчууд их итгэл хүлээлгэдэг. Ёкозүна, озэки болно гээд л.
-А.Ичинноров болохоор уг хүн нь уян зөөлөн. Тэрүнофүжигээс эсрэг зантай. Яг хажууд нь байж, тулж ажиллахгүй бол болдоггүй. Ояката нь Ичиножёогийн зан ааш, байдлыг сайн мэдэхгүй байх шиг санагддаг. Хурцлаад өгөх хэрэгтэй. Хажууд нь хань болоод өгөх хүн байхгүй, ганцаардаад, яахаа мэдэхгүй цаг алдаад байна уу даа гэж боддог. Уулзахдаа би хэлдэг, бас ингэж барилд гээд майл бичнэ. Зөвлөгөө өгнө. Дэвжээнд нь өрсөлдөгч болгоод бэлтгэл хангаад өгчих бөх алга. Бас гэмтэл, бэртэл нөлөөлж байна.
-Харин Миторюүд дээд зиндаанд дэвшихэд юу дутаж байна вэ?
-Миторюү нуруундаа гэмтэлтэй байгаа. Эмч хагалгаа хийлгэхгүй бол суумгай болно шүү гэж сануулсан. Хагалгаанд орох юм бол банцүкэ унах гээд байна гэж өөрөө хэлдэг. Амьдралын янз бүрийн юм байна, зөвлөлдөнө. Дээш дэвших, гарах гэсэн нөхцөл нь бас бүрэлдээгүй байгаа. Шавь нарынхаа гэмтэл бэртэлд л их санаа зовох юм.
-Рога А.Амарсанаа ОХУ-ын нэрийн өмнөөс барилдах болсон. Тантай зөвлөж, асуусан уу?
-Угаасаа Орост амьдарч байгаад паспортоо монгол болгоод над дээр ирсэн хүүхэд. Надтай зөвлөж, ярьсан. “Багш аа, сүмод Монголоос олон сайхан, том бөхчүүд байна. Би Оросоос гармаар байна. Ээж минь ОХУ-д амьдардаг. Өвөө Тувагийн том бөх. Өвөөгийнхөө удмыг, нэрийг нь гаргаад барилдмаар байна. Намайг яагаад Монголоос барилдаж байна гэсэн захидал Тувагаас маш их ирдэг. Яах вэ” гэж хэлсэн. Би “За хүү минь, чи өөрөө шийд. Дээшээ гарч, амжилтанд хүрэх л чиний зорилго. Түүнээс Оросын бөх боллоо, Монголын бөх байлаа гээд чамд өөрчлөгдөх юм байхгүй. Аль улсын нэр дээр барилдахад амжилттай сайхан барилдана гэж бодож байна. Тэрийгээ л сонго” гэж зөвлөсөн. А.Амарсанаа өөрөө Орост өссөн, Монголд ганцхан жил л амьдарсан болохоор Оросыг сонгосон. Би “Хэрвээ чи Оросын нэр дээр барилдаад дээшээ гарахгүй бол монголчууд иргэншлээ сольсноос боллоо гэж хэлж магадгүй шүү. Чи одоо муу барилдах эрхгүй боллоо” гэж хэлсэн. Одоо гайгүй сайн барилдаж байгаа.
-Японы сонирхогчдын сүмо бөхөөр сонин юу байна? Тэмцээн уралдаан цуцлагдаж байна уу? Үзэгчтэй явагдаж байгаа юу?
-Японы улсын аварга болон бүсийн тэмцээнүүд бага багаар явагдаж байна. Үзэгчгүй, нэг тамирчны ар гэрээс хоёр хүн байх ёстой гэсэн хязгаарлалттай. Сая ахлах сургуулийн улсын аваргын тэмцээн болж өндөрлөлөө. Наймдугаар сарын эхээр нэг, намар хоёр том тэмцээнтэй. Бэлтгээд байж байна. Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аваргад хэдэн хүүхдээ оролцуулах гэсэн чинь ДАШТ болох эсэх нь тодорхойгүй байна.
-Саяхан та монгол хүүхэд элсүүлж авна гэсэн зар тавьсан харагдсан.
-Гурван шавьтай байсны хоёр нь төгсчихлөө. Нэг монгол хүүхэд авчих санаатай. Г.Ган-Эрдэнэ шиг шавьтай болчих гээд л. Өндөр нуруутай, сайн хүүхэд хэрэгтэй байна.
-Танд амжилт хүсье.