1959 онд байгуулагдсан Монголын хөл бөмбөгийн анхны шигшээ багийн тамирчид болох Б.Рэндоо, Г.Цэрэндорж, Ж.Агваанпунцаг нар Олон улсын хэмжээний мастер цолоор энгэрээ мялаалаа.
МХБХ-ны ЕНБД Д.Тэрбаатар, МУГТ Б.Буман-Учрал, МХБХ-ны Ахмадын Зөвлөлийн дарга Л.Энхбаатар, Дэрэн клубийн захирал Г.Мөнхчулуун нар хөл бөмбөгийн зүтгэлтнүүддээ шагналыг нь гардуулж, баяр хүргэв.
Анхны шигшээ багийн тамирчдаас гадна О.Чингэс, Ю.Сайнхүү нар Олон улсын хэмжээний мастер гэх эрхэм хүндтэй шагнал хүртсэн юм. Шагналын хур үүгээр тасраагүй бөгөөд Г.Цолмон, Л.Золбаяр, Н.Номинбаяр, Э.Сарангэрэл, Г.Шинэцэцэг, Э.Очирмаа гэсэн эмэгтэй хөл бөмбөгчид, “Атлетик 220” клубийн тоглогч Г.Ёндонжамц спортын мастер цолоор тус тус шагнууллаа.
Нэгэн жарны хугацаанд Монголын хөл бөмбөгийн төлөө хоёргүй сэтгэлээ зүтгэж, энэ спортын салшгүй нэг хэсэг байж ирсэн ахмад хөл бөмбөгчиддөө болон өдгөө Монголын хөл бөмбөгийн нэгээхэн хэсэг байж хурд хүч, авхаалж самбаагаа сорьж яваа залуу тамирчиддаа баяр хүргэж амжилт хүсье.
Монголын хөлбөмбөгийн холбоо
Сэтгэгдэл ( 0 )