Лавров, Блинкен нар анх удаа уулзав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 20

Исландын нийслэл Рейкявик хотноо болж буй Арктикийн зөвлөлийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтын хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар анх удаа биечлэн уулзлаа.

Хоёр цаг үргэлжилсэн уулзалтын үеэр хоёр талын харилцааны талаар Сергей Лавров ОХУ бүхий л асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгаа бөгөөд ингэхдээ, яриа хэлэлцүүлэг шударга, баримттай, харилцан хүндэтгэсэн байх ёстой гэж онцолжээ. Энтони Блинкен ОХУ, АНУ-ын тогтвортой, тааварлахуйц харилцаа хоёр улс төдийгүй дэлхийн эрх ашигт нийцнэ гээд ийм харилцааг бий болгохын төлөө АНУ зорьж байна гэв.

Олон улсын нөхцөл байдлын талаар талууд маш зөрүүтэй байр суурийг баримталдаг гэж Лавров мэдэгдсэн байна. Энтони Блинкен үзэл бодлын зөрүү бий гэдэгтэй санал нэгдээд “Ерөнхийлөгч Жо Байден Ерөнхийлөгч Путинд хэлсэнчлэн хэрэв Орос улс бидний эсрэг, бидний түнш, холбоотны эсрэг түрэмгий үйлдэл хийвэл бид хариу барих болно” гэж онцолсон байна.

Хоёр улсын ерөнхийлөгч нар хоёр талын ашиг сонирхол, зорилгод нийцсэн, эерэг үр дүнд хүрэхүйц асуудал, ялангуяа стратегийн тогтвортой байдлын хангах чиглэлээр хамтран ажиллах ёстой гэдэгт санал нэгдсэн гэж Лавров онцолжээ. Түүний хэлснээр, Солонгосын хойг, Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудал, Афганистаны асуудлаар хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж эхэлсэн.

КОВИД-19, цар тахал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, Иран, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, Афганистаны асуудлыг зохицуулах зэрэг хоёр талын ашиг сонирхол нэгдсэн олон салбар бий гэдэгт Энтони Блинкен санал нэгдэв. Хэрэв ОХУ, АНУ-ын тэргүүн нар хамтран ажиллаж чадвал, хоёр ард түмэн төдийгүй, дэлхий дахин илүү аюулгүй байх болно. Үүний төлөө бид ажиллаж байна гэж Блинкен тодруулжээ.

ОХУ нь АНУ-ын өмнө засаг захиргаанаас АНУ дахь Оросын дипломат төлөөлөгчийн газар, ОХУ дахь Америкийн ДТГ-ын үйл ажиллагаатай холбоотой “хогийг” цэвэрлэхэд бэлэн байна гэж Лавров мэдэгдээд дипломатуудад ажиллах хэвийн нөхцөлийг бүрдүүлснээр хоёр ард түмэн хоорондын гүүр, яриа хэлэлцээг дэмжих үүрэг бүхий дипломат бодлогын мөн чанарыг хадгалах боломжтой юм гэж Лавров онцолсон байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top