АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нар утсаар ярьжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 20

 

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар даваа гарагт утсаар ярьж, юуны түрүүнд Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудал хэлэлцсэн байна. Хоёр улсын төрийн тэргүүн нар алсдаа биечлэн уулзах асуудлыг мөн хөндсөн тухай АНУ-ын засаг захиргааны тэргүүн Доналд Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлсэн ажээ.

“Би түүнтэй уулзах талаар ярьсан. Владимир, бид энэ цус урсгасан мөргөлдөөнийг хэзээ зогсоох боломжтой вэ гэж түүнээс би асуусан. Тэр үүнийг зогсоохыг хүсэж байгаа гэдэгт би үнэхээр итгэж байна” гэж Трамп ярьсан байна. Владимир Путинтэй хэзээ, хаана яриа хэлэлцээ хийх боломжтой талаар тэр тодруулаагүй аж.

“Юуны түрүүнд энхийн гэрээ байгуулах боломжийг хэлэлцэх Орос, Украины шууд яриа хэлэлцээг сэргээх асуудалд АНУ-ын зүгээс дэмжлэг үзүүлсэнд Доналд Трампад би талархал илэрхийлсэн” гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Америкийн төрийн тэргүүнтэй утсаар ярьсныхаа дараа мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Орос улс ирээдүйд байгуулах боломжтой энхийн гэрээний тухай санамж бичиг байгуулах чиглэлд Украины талтай ажиллахад бэлэн байгаа ажээ. Уг санамж бичигт хямралыг зохицуулах зарчим, энхийн гэрээ байгуулах боломжтой хугацаа, зохих тохиролцоонд хүрсэн тохиолдолд тодорхой хугацаагаар гал зогсоох боломж зэрэг заалтыг тусгах юм байна. Оросын эрх баригчдын хувьд хамгийн гол нь энэ хямралын анхдагч шалтгааныг арилгах нь чухал болохыг ОХУ-ын төрийн тэргүүн онцлов.

ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын үзэж байгаагаар, Путин, Трамп нарын уулзалтад сайтар бэлтгэх хэрэгтэй бөгөөд яриа хэлэлцээ хийх тодорхой хугацаа болон газрын талаар одоогоор тохироогүй байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu