Путин, Трамп нар утсаар ярив

Я.Болор | Zindaa.mn
57 минутын өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Цагаан ордны тэргүүн Доналд Трамптай утсаар ярьжээ.

В.Путин Ялалтын баярыг тэмдэглэх хугацаанд гал зогсооход бэлэн буйгаа илэрхийлснийг Трамп дэмжиж, энэхүү ялалт нь Дэлхийн хоёрдугаар дайнд фашизмыг ялсан хамтын ялалт хэмээн онцолсон байна.

Кремлийн тэргүүн мөн Украины дайны нөхцөл байдлын талаар ярихдаа 2025 оноос хойш Москва Украины талд 20 мянга гаруй амь үрэгдсэн цэргийн цогцсыг хүлээлгэн өгсөн бол Оросын тал 500 гаруй цэргийн цогцсыг хүлээн авчээ.
Доналд Трамп энэхүү дайныг дуусгах хэлцлийг байгуулахад ойрхон байна гэж мэдэгдээд цэргийн ажиллагааг аль болох хурдан дуусгах сонирхолтой буйгаа илэрхийлжээ.

В.Путин Киевийн зүгээс Оросын нутаг дэвсгэр дэх иргэдийн объектууд руу халдаж, террорист аргыг илт хэрэглэж байгааг Трампт дуулгасан байна. Ямар ч тохиолдолд Орос улс цэргийн ажиллагааныхаа зорилгыг биелүүлнэ гэж мэдэгджээ.

Талууд мөн Иран, Персийн булангийн эргэн тойрны нөхцөл байдлыг хэлэлцсэн байна. В.Путин Доналд Трампын гал зогсоох дэглэмийг сунгах шийдвэрийг сайшааж, энэ нь яриа хэлэлцээ хийх, нөхцөл байдлыг тогтворжуулахад дөхөм болно гэдгийг онцолсон байна. Тэрбээр хэрэв АНУ, Израил дахин хүч хэрэглэх аваас зөвхөн Иран болон хөрш орнуудад нь төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгт хор уршигтай болохыг сануулжээ. Ялангуяа, Иран руу хуурай газрын ажиллагаа явуулах нь аюултай гэв.

Талууд мөн эдийн засаг, эрчим хүчний салбарт харилцан ашигтай төсөл хэрэгжүүлэх өргөн боломж байгаад санал нэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top