Европын Холбооны удирдлагууд Трамп, Путин нарын уулзалтыг эсэргүүцэж байна гэж мэдэгдэв

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 29

Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Будапештэд дахин уулзахыг Европын Холбооны удирдлагууд эсэргүүцэж байна гэж Унгарын Гадаад хэрэг, эдийн засгийн гадаад харилцааны сайд Петер Сийярто Беларусын телевизийн “Мэдээллийн нэгдүгээр” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Америк, Оросын удирдагчдын Украины мөргөлдөөнийг зогсооход чиглэсэн бөгөөд даян дэлхийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх энхийн дээд хэмжээний уулзалтыг улсдаа зохион байгуулахад Унгар улс бэлэн байгааг Петер Сийярто нотлов. “Гэвч Европын удирдлагууд ийм уулзалт болоосой хэмээн хүсэхгүй байна. Яриа хэлэлцээ Будапештэд болох нь улс төрийн өнцгөөс авч үзэхэд тэдний хувьд таатай биш байгаа юм. Уулзалтыг эсэргүүцэх өөр нэг илүү чухал шалтгаан нь энхийн дээд хэмжээний уулзалт нь энх тайван тогтох найдлага төрүүлж байгаад оршино. Мөн Европын удирдлагууд хэлэлцээний ширээнд сууж чадахгүй байгаа нь тэднийг ихээхэн гонсойлгож байгаа юм” гэж Унгарын сайд тэмдэглэсэн байна.

“Украин болон Ойрх Дорнодод үүссэн зэвсэгт мөргөлдөөн нь дэлхийн аюулгүй байдалд аюул учруулж байгаа хамгийн ноцтой хямрал юм. Аль алийг нь зохицуулах яриа хэлэлцээнд Европын Холбоо оролцохгүй байгаа. Үүнд гайхах зүйлгүй. Хэрэв та дайныг дэмжиж байгаа бол энх тайван тогтоох асуудал хэлэлцэж газарт таныг урихгүй нь ойлгомжтой. Иймд Европын Холбоо байр сууриа өөрчилж, дайныг биш энхийг дэмжих ёстой. Ингэвэл Европ энх тайвныг тогтооход өөрийн гэсэн үүрэг гүйцэтгэж чадна. Харамсалтай нь ингэхгүй байна” гэж тэр хэлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(178.174.229.45) 2025 оны 10 сарын 29

TENEG MAJAR YU YARINA BE?

0  |  0
Top