Хоёрхон сарын дараа Зуны олимпын наадмыг хүлээн авах Японы нийслэл Токио хотод цар тахлын байдал намжихгүй хэвээр байна.
Японы ҮОХ-ноос зургаадугаар сарын 1-нээс олимпын шигшээ багийн тамирчдыг вакцинд хамруулна гэж зарлалаа. Ингэснээр ирэх сарын дундуур тамирчин бүр хоёр дахь тундаа хамрагдаж чадах юм.
ОУОХ-ноос АНУ-ын Pfizer компанитай олимпын тамирчдыг вакцинаар үнэ төлбөргүй хангах гэрээ байгуулсан. Гэвч улс орнууд өөрсдийн тамирчдаа пфайзер вакциныг хүлээлгүй, дархлаажуулж эхэлсэн билээ.
Японы иргэд олимпын наадамд ирэх тамирчдыг халдвар тараана гэж эмээн, жагсаал цуглаан зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлж эхлээд байгаа. Үүний хариуд ОУОХ-ны тэргүүн Томас Бах “Одоогийн байдлаар Токиогийн олимпын наадмын Тамирчдын тосгонд байрлах тамирчдын 75 хувь нь коронавирусний эсрэг вакцинд хамрагдаад байгаа. Олимп эхлэх үед 80 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байх болно” гэж мэдэгдлээ.
Токиогийн олимпын наадам долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд Токиод явагдана. Наадамд гадаадын үзэгчдийг оруулахгүй шийдвэрийг гуравдугаар сард зохион байгуулагчид гаргасан. Харин дотоодын үзэгчтэйгээр явуулах эсэхийг ирэх сард шийдэх юм.
Сэтгэгдэл ( 0 )