Ирэх долоодугаар сард эхлэх Токиогийн олимпын бамбар Японы муж, хотуудад айлчлан зочилсоор байна. Олимпын бамбар гуравдугаар сарын 25-нд Фүкүшима хотоос гараагаа эхэлсэн. Японы нийт 47 мужаар айлчлан зочлоод долоодугаар сарын 23-нд Токиод хүрч, олимпын наадам дуустал Токиод мандах болно.
Энэ сарын 23-нд олимпын бамбар Тоттори мужийн Тоттори хотод очиж, бамбарын буухианд “Тоттори Жёохокү” ахлах сургуулийн багш, сүмо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгс оролцлоо.
Тэрээр “Тоттори Жёохокү” сургуулийн багийг Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцуулж, нэрийг нь улс орон даяар мандуулж байгаа. Мөн Монгол Улсын нэрийн өмнөөс сүмо бөхийн Дэлхийн болон Азийн аваргын тэмцээнд оролцож байсан нь ийнхүү үнэлэгджээ.