Японы сүмо бөхийн холбооноос гаргасан хөл хорионы дэглэмийг зөрчиж, шөнийн цэнгээний газраар хэд хэдэн удаа үйлчлүүлсэн озэки Асаноямад ямар шийтгэл оноох нь одоохондоо тодорхойгүй байна. Асаноямаг Зуны тэмцээнээс хассан нь холбооны шийтгэл биш Такасаго оякатагийн шийтгэл байлаа.
Асаноямагийн хэрэг хүндрэх бас нэгэн шалтгаан байгаа нь тэрээр Сүмогийн холбооноос шар хэвлэлд гарсан хэргийн талаар асуухад эрс үгүйсгэж байсан билээ. Харин тус хэвлэлээс цэнгээний газар очиж байгаа зургийг цаг, минуттай нь гаргасны дараа л хүлээн зөвшөөрсөн. Энэ нь холбооны удирдлагад худлаа хэлсэн, өөрөөр хэлбэл хууран мэхэлсэн хэрэг болж байгаа юм.
Асанояматай яг адилхан хэрэг үйлдсэн Абид холбооноос гурван башё барилдах эрхийг нь хасаж, цалингийн 50 хувиар торгосон. Гэхдээ Аби хэргээ хүлээсэн төдийгүй, хариуцлагаа хүлээн, зодог тайлах өргөдлөө өгч байсан юм. Тэгэхээр Асаноямад Абигаас хүнд буюу таван башё барилдах эрхийг нь хасах шийтгэл оноох шинжтэй. Учир нь тэр озэки цолтой, холбооны оргил бөхчүүдийн нэг. Хэрэв таван тэмцээнд оролцохгүй бол банцүкэ нь макүшитад унах болно.
Японы спортын Никкан Спортс сонины сурвалжлагч Асаноямагийн аав Ишибашитай утсаар ярилцсан байна.
Аав нь “Хүү минь хийсэн хэрэгтээ гүн харамсаж, маш их гэмшиж байгаа. Өөртэй нь би ярьсан. Макүшитад унасан ч хамаагүй барилдана гэж хэлж байсан. Холбооноос хөөгдөлгүй үлдвэл цаашдаа бүх чадлаар хичээн барилдах болно гэж хэлсэн” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Урьханд орчихсон юм байна лээ шдээ . Хөөрхий. Ярилцлага авна гэж нэг сэтгүүлч дуудаад талархасан сэтгэл гээд хостес баар дагуулж яваад тэгээд тэрүүгээр нь сэнсаци тарьчихсан. Хогийн сэтгүүлч