БНХАУ-д нийлүүлж буй коксжих нүүрсний хэмжээгээрээ АНУ тэргүүлж эхэлсэн талаар “SXCoal” мэдээллээ.
БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 27.9 хувийг АНУ бүрдүүлж эхэлсэн байна. Дөрөвдүгээр сард АНУ 970 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-д нийлүүлжээ. Энэ нь сарын өмнөхөөс 46.9 хувиар, өмнөх оны мөн үеэс бараг 10 дахин өссөн дүн аж. Дэакин их сургуулийн олон улсын харилцааны дэд профессор Чэнсин Пан Хятад Австралийн нүүрсийг хориглосон нь АНУ-д ашигтайгаар тусч эхэлсэн тухай онцолжээ. Түүнчлэн БНХАУ-ын АНУ-аас импортлох мод модон бүтээгдэхүүн, хөвөн даавуу, виноны хэмжээ ч өссөн байна. Хоёрдугаар сард АНУ Хятад руу хоёр литр болон түүнээс бага савлагаа бүхий 466 мянган литр (123,104 галлон) 2.3 сая орчим ам.долларын үнэ бүхий дарс экспортолжээ. Жилийн өмнө Хятад 740 мянга орчим ам.долларын өртөг бүхий дарс импортоор авч байв. Хятад Улс өнгөрсөн дөрөвдүгээр сард 3.48 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 2020 оны гуравдугаар сарынхаас 29.12 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.5 хувиар тус тус буурсан байна. Импортын дундаж үнэ тонн тутамд 158.86 ам.доллар байгаа нь 2020 оны мөн үеийнхээс 24.74 ам.доллар, гуравдугаар сарын ханшаас 26.89 ам.доллароор илүү юм. Тавдугаар сарын 20-ны байдлаар, Хятадын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 7.98 хувиар буурч 1782.5 юаньд хүрчээ.
Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, тус улсын коксжих нүүрс импортолдог гол орнуудаас АНУ-ын нийлүүлэлтийн хэмжээ 46.9 хувиар өсч Монгол, Орос Улсынхаас давжээ. Ингэснээр Монгол Улс нийлүүлэлтээрээ дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Өнгөрсөн сард 620 мянган тонн коксжих нүүрс гаргасан нь өмнөх сараас 71.5 хувиар буурсан үзүүлэлт болсон юм. Монголд цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын тал хилийн боомтууд дахь хяналт, шалгалтыг чангатгасан юм. Ингэснээр Монгол Улсын коксжих нүүрсний экспорт огцом буураад байна. Монгол Улсын статистикаар, дөрөвдүгээр сард 641 мянган тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны гуравдугаар сараас хойших хамгийн доогуур үзүүлэлт юм. Хятадын судалгааны “Today Think Thank” байгууллагаас энэ онд Хятад Улс нийт 55 сая тонн коксжих нүүрс импортлох таамаг дэвшүүлсэн.
Монгол Улаас 30 сая тонн, Канадаас 8-9 сая, АНУ-аас долоон сая тонн, ОХУ-аас найман сая тонн тус тус импортолно гэж үзэж байгаа юм. Энэ онд Хятад Улсад цар тахлын нөлөө буурч эдийн засаг өсөх дүр зурагтай байна. “Today think thank”-ийн мэдээлснээр, 2020 оны дүнгээр Хятад 72.57 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 2019 оныхоос 2.7 хувиар буурчээ. Үнийн хувьд 2021 онд тонн коксжих нүүрс 1400-1600 юань буюу өндөр түвшинд байгаа бол жилийн хоёрдугаар хагаст эрэлтээ дагаад үнэ өсөх хандлагатай байна. Хятад Улс нь нүүрсний нөөц ихтэй бөгөөд нийт хэрэглээнийхээ дийлэнх хувийг дотоодоосоо хангадаг. 2020 онд тус улсын түүхий нүүрсний олборлолт 3.84 тэрбум тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар өсчээ. Тэр дундаа коксжих нүүрс 1.152 тэрбум тонн буюу өмнөх оны мөн үеэс 3.13 хувиар, эрчим хүчний нүүрс 3.152 тэрбум тонн буюу 2.5 хувиар тус тус нэмэгдсэн байна. Үүнээс гадна “Today think thank”-аас Австралийн нүүрсний хязгаарлалт 2021 он дуустал үргэлжилнэ гэсэн таамгийг дэвшүүлжээ. 2020 онд Оросын Хятад руу нийлүүлэх коксжих нүүрсний худалдаа бага зэрэг өссөн аж. Тухайлбал, оны эхний 11 сард ОХУ-аас 5.54 сая тонн коксжих нүүрсний импорт өмнөх оны мөн үеэс 1.95 хувиар өсч Хятадын коксжих нүүрсний нийт импортын 8.02 хувийг бүрдүүлжээ.
Тэгвэл энэ онд Монголоос 33-37 сая тонн коксжих нүүрс импортлох таамаг тооцоог “Today think thank”-ийн шинжээчид гаргажээ. Гэхдээ Хятадын зах зээл дээр Монголын коксжих нүүрсний эрэлт цаашдаа ч өндөр байна гэдгийг тэмдэглэж, үүнд дэд бүтэц, тэр дундаа боомтын нэвтрүүлэх хүчин чадал болон төмөр замын тээвэр хөгжүүлэлтээс хамаарч байгааг онцолжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
төмөр замаа түргэн ажилд оруулаад л мөнгө олох хэрэгтэй банйа эртхэн төмөр зам тавьсан бол хөгжилд их л хэрэгтэй байсан даа