Хүүхдийн сэтгэл судлаач, харилцааны сэтгэлзүйч А.Энхцэцэг саяхан “Бүгдээрээ найз биш юм уу” номоо хэвлүүлжээ. Түүндээ бидний амьдралд түгээмэл тохиолддог үйл явдлуудын сэтгэлзүйн тайллыг дэлгэсэн байна. Монголчуудын дунд түгээмэл байдаг харилцааны зөрчлүүдийн талаар А.Энхцэцэгтэй ярилцлаа.
-Манайхны харилцаандаа гаргадаг түгээмэл алдаа юу байна?
-Хүн стрессийг физиологийн хувьд тайлж болдог. Фитнест очоод юм уу хөгжим сонсоод, эсвэл дуртай зүйлээ хийгээд стрессээ гаргачихаж болно. Гэхдээ тэр стресстүүлээд байгаа асуудал руу ханцуй шамлаад орохгүй л бол тэр стресс тайлагдахгүй. Өөрөөр хэлбэл таныг стресстүүлж байгаа зүйл ундраад л байна. Тиймээс та улаан гал дунд орж, стресстээд байгаа асуудалтайгаа нүүр тулах ёстой.
Таны нөхөр юм уу, хамт ажилладаг хүүхэн чинь таныг тайван байхын эцэсгүй болгоод байна гэж үзье. Энэ тухайгаа та ярьдаггүй. Тэгэхээр нөгөө хүн чинь мэддэггүй, болоод байна гэж бодоод яваад байдаг. Тиймээс бид энийгээ ярих ёстой. Ярихаас гадна нөгөө хүнээ сонсох ёстой юм.
-Ярих гэхээр л хэрэлдчих гээд байна гэдэг хүмүүст та юу гэж зөвлөх вэ?
-Хүн рүү биш асуудал руу хандах ёстой юм. “Хэн аяга хагалчихав” гэдгийг хайвал тэр нь хэн нэгэн хүн дээр бууна, улмаар буруутныг шийтгэх рүү хөтөлнө. Харин “Яагаад, юунаас болоод аяга хагалчихав” гэдгийг хайж ярилцвал ойлголцол, шийдлээ олж л таарна.
-Өнөөдөр хувь хүний хөгжлийн сургалт олширлоо. Сургалт бүр дээр инээмсэглэж сурахыг, найрсаг байхыг зааж байна. Гэтэл инээд, инээмсэглэлийн талаарх монголчуудын ойлголт их өөр...
-Хүн хоорондын харилцааны хамгийн чухал хөдөлгүүр бол сэтгэл юм. “Зүрх юугаар бялхана, ам түүгээр ярина” гэдэг дээ. Хүн зүрх сэтгэлээ, сэтгэлзүйн талаасаа өөрийгөө сайхан болгоогүй цагт харилцаан дээрээ сайхан байж чадахгүй. Магадгүй тухайн мөчид хичээгээд сайхан харилцаж, ярьж болно. Гэхдээ чин сэтгэлийн биш харилцаа хэзээ нэгэн цагт зэс нь цухуйж л таараа. Инээд хүрээгүй байхад инээдэг, баярлаагүй мөртлөө “баярлалаа” гэдэг, үнэн сэтгэлээсээ гэмшээгүй мөртлөө “уучлаарай” гэж хэлэх бол залилж байгаатай адилхан. Би ингэж л боддог.
Манай монголчууд “пожалуйста”, “please” гэдэггүй. Яагаад монгол хэлэнд ийм үг байхгүй вэ, монголчууд тийм бүдүүлэг юм уу, эсвэл монгол хэл тийм ядмаг уу. Үгүй шүү дээ. Өвөг дээдэс маань “please” гэдэг үгийг үйлдлээрээ, хандлагаараа хэлдэг байсан. Харилцаанд үг 20-хон хувийг эзэлдэг. Үлдсэн 80 хувийг биеийн хэлэмж, нүдний харц, биеийн хөдөлгөөн, хандлага илэрхийлдэг. Монголчууд сэтгэлээрээ ярьж чаддаг ард түмэн. Дуугүй, муухай хараад суух нь хашхираад цохиод авснаас илүү байдаг биз дээ. Үг хэлэхгүйгээр хүнд хэчнээн эелдэг, хүндэтгэлтэй хандаж болохыг бид мэднэ.
-Танд зонхилон ямар насныхан хандаж, зөвлөгөө авч байна?
-Бүх насныхан авдаг, гэхдээ би хүүхдийн сэтгэл судлалаар сурсан болохоор хүүхдүүдтэй ажиллах дуртай. Хүмүүстэй уулзахад нийтлэг ажиглагдаж байгаа зүйл гэвэл X, Y, Z гэж гурван үеийнхэн хуваагдчихаад байна.
Ялангуяа Х буюу миний үеийнхэнд үнэхээр хэцүү байгаа. Үнэт зүйл, зарчим, зан чанар, бүр баярлах зүйл маань хүртэл тэс өөр болохоор залуу үеийнхэнд ойлгохгүй юм үнэхээр их. Бид хүнийг хараад л “Ямар сайхан байна аа” гээд баярладаг бол зарим хүн “Эдэнтэй баярласнаас өөр хүмүүстэй суух нь надад ашигтай” гэж бодох жишээтэй.
Х ба Y үеийнхний эхэн үе, одоогийн 40-өөс дээш насныханд залуу үеийнхэнтэй харилцахад их хэцүү байгаа юм шиг харагддаг. Уг нь өнөөгийн өсвөр үе, залуучууд, Z үеийнхэн бол ойлгоход их амархан, дэлгэр сэтгэлтэй, нээлттэй үеийнхэн. Тэднийг бид өөрийнхөө үзсэн харснаар түрэмгийлэх шаардлага байхгүй. Тэднийг ойлгох, хүндлэхэд л бүх зүйл болчихно. Хүмүүс хоорондын харилцаанд хамгийн чухал юм бол хүндлэл байдаг. Монголчууд хэзээнээсээ бие биеэ хүндэлж ирсэн ард түмэн. Ерөөлөөр ярьдаг, муу үг хэлдэггүй байсан. Хүн муулдаг хүнээс цэрвэдэг байсан. Хамаг юмаа, ялангуяа айл гэрийнхээ асуудлыг бусдад дэлгэдэггүй байсан. Гэтэл одоо эдгээр чанар биднээс алсраад л байна. “Хугархай гар ханцуй дотроо” гэдэг байтал хугархай болгоноо түмэнд дэлгэж байна. Нөхрөө янз бүрээр муулсаар байгаад нөхөр нь ч, өөрөө ч хэн ч биш, амьдралын сайн сайхан юмгүй болчихсон гэр бүлүүд байна шүү дээ. Гэтэл дандаа сайхан, сайхан гэж хэлэх нь харилцаанд тийм ч амттай зүйл биш. Асуудал бүхэн ч муухай биш. Амьдралд тулгарч байгаа асуудал болгон сорилт авчирдаг, биднийг нэг түвшнээс нөгөө рүү ахиулдаг.
-Таны анзаарснаар үе хоорондын зөрчил, хадам бэр, хүргэний харилцаанд яаж илэрч байна. Энийг яаж засах вэ?
-Үр хүүхдийнхээ амьдралд гар хуруугаа дүрэх хэрэггүй л дээ. Хэрвээ тэдэндээ тусалмаар байгаа бол тэднийгээ ойлгож, дэмжих л хэрэгтэй.
Миний бодлоор, хадам, бэр, хүргэний асуудалд үе хоорондын зөрчил гэхээсээ үе уламжилж ирсэн эндүү ташаа ойлголт сөргөөр нөлөөлж байгаа. “Заяа муутай хүн” гэдэг үг байна, заяа муутайг нь хэн тодорхойлоод тамгалчихсан юм, эсвэл “Эднийхэн угаасаа ийм сонин”, “Манайхан бүгдээрээ залхуу” гэх мэт хаа ч бичигдээгүй мөртлөө амьдралд хүчтэй нөлөөлдөг хэвшмэл ойлголтууд байна. Эдгээр ойлголт хүмүүсийн харилцаанд их саад болдог. Жишээлбэл “Хазгар хүүхэн хадамсаг” гэдэг үгийн гарал үүсэл нь юу болохыг би мэдэхгүй л дээ. Гэхдээ хадмаа хайрладаг хүнийг ингэж гоочилж болохгүй шүү дээ. Хүн сайн сайхан юмаа ярих хэрэгтэй шүү дээ. “Манай хадам ийм сайхан хүн байдаг” гээд ярих хэрэгтэй. Хадмаа хайрласнаараа, магтсанаараа бусдадаа гоочлуулж, ичих ёсгүй.
-Хосуудын зөрчилдөөн юунаас үүдэлтэй байна?
-Бүх зөрчил ханиа судлалгүй, сэтгэл хөдлөлөөрөө сууснаас үүсэж байна. Насан турш хамт амьдрах хүнээ өөртөө таарах таарахгүйг мэдрэхгүйгээр “энэ залуу яасан сайхан хөмсөгтэй юм, ямар гоё нүдтэй юм” гээд сонгочихож байна. Гэтэл амьдрал гэдэг бодсоноос өөр. Хүнээ судлах, таних хэрэгтэй. Түүний дараа шийдэх учиртай. Амьдралынхаа хамгийн чухал шийдвэрт гэнэн хандаж болохгүй.
Гэтэл хүн хамгийн гэнэн насандаа амьдралынхаа хамгийн чухал шийдвэрүүдийг гаргадаг. Ханиа сонгож байна, ажил мэргэжил, амьдрах газар гээд тухайн хүн өөрөө ухаантай байж, юу хийж байгаагаа ухаарах ёстой, эцэг эх ч түүнийг ойлгож, үр хүүхдээ ирээдүйн амьдралд нь бэлдэх ёстой. Ингэж бэлдэж байна гэж өсвөр насны хүүхдэд бэлгийн боловсрол заах биш, ханиа зөв сонгох, аав, ээж, эхнэр, нөхөр болохоор ямар байдаг, яах ёстойг хэлж заамаар байна. Түүнээс хурим хийсний маргааш хадам ээж царайлж очиж яриад яах юм.
-Аав ээжтэй маань харьцуулахад өнөөгийн эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ сайн ярьдаг болсон санагддаг. Харин юуг яаж ярих вэ гэдэг дээр алдаад байж мэдэх юм...
-Бид ярьдаг болсон. Гэхдээ бие биеэ сайн мэдэхгүй хэвээр л байгаа. Миний бодлоор, нийтээрээ юмны өнгө үзэмж, харагдах төрхийг их чухалчилдаг болчихлоо. Арга ч үгүй юм. Хаашаа л бол хаашаа харна дэлгэц л байна шүү дээ. Түүнийгээ дагаад бие биеэ харахдаа, хандахдаа гадаад дүр төрхөн дээр нь тулгуурладаг болжээ. Жишээ нь энэ хүн надад хэдэн төгрөг өгөв, ямар бэлэг авчрав, ямар хувцастай байна, хувцасных нь зах үрчийхэж гэдэгт бид ач холбогдол өгөөд байгаа болохоос цаана байгаа сэтгэл зүрхнийх нь өнгийг харж чадахгүй байна. Өнөөдөр хүмүүс нэг нэгнээ маш их шүүмжилж байна, бие биеэ хэмлэж байна. Харилцааг онцолж заадаг хүний хувьд би үүнд маш их харамсдаг.
-Хүн сэтгэл хөдлөлөө яаж хянаж сурах вэ?
-Сэтгэл хөдлөлөө хянахаас илүү түүнийг өдөөгөөд байгаа “бодол” гэдэг сахилгагүй нөхрийг л ухаанаараа зохицуулах ёстой юм л даа. Бодол, сэтгэл хөдлөл, үйлдэл гэдэг гурван зүйл хамтраад намайг тодорхойлох байтал бид дан бодлоор, эсвэл сэтгэл хөдлөлөөрөө шууд үйлдээд байдаг. Нэгэнт хэлсэн үг, гаргасан үйлдлийг хэчнээн харамсаад ч буцааж чадахгүй. Тийм учраас бодлыг толгой дотор орж ирээд, сэтгэл хөдлөл рүү нөлөөлөхөөс нь өмнө амжиж барьж авах хэрэгтэй. Бодлыг барьж авахад мэдрэмж төрнө. Тэр мэдрэмжээ ойлгоод, “би гомдож байна, гэхдээ одоо гомдлоо гаргах уу, эсвэл уучлах уу” гэдэг сонголтыг хийгээд сурчих хэрэгтэй юм. Бодол, сэтгэл хөдлөл, өөрөөр хэлбэл толгойг зүрх гэдэг зүйлтэй холбож байж “бусдыг бодох” гэсэн EQ чинь сая гарч ирнэ. Бүх юмыг дандаа IQ-гаар тооцоолоод “Энэ хүн тэдэн төгрөг өгсөн, одоо би тэгнэ” гэх юм уу, сэтгэл хөдлөлдөө автаад “Энэ над руу муухай харж байна, би бас муухай харъя” гэж болохгүй. Аль алийг нь дэнслээд үйлдэх ёстой л гэсэн үг. Ухаантай хүн үйлдлээ л боддог.
Би гайхдаг. Хүмүүс юунд ч юм мэдэхгүй яараад байдаг. Асуудлаа хурдан шийдье, энэнтэй учраа олоодохъё гээд л цохилцож нүдэлцдэг. Хэн биднийг яаруулаад байгаа юм бэ. Хэн ч яаруулаагүй шүү дээ. Тийм байтал хэдхэн секунд тэвчиж чадалгүй давчдаад л, машиныхаа дохиог дуугаргаад л. Битгий тэг л дээ. Ингэж давчидсанаар гэртээ стресстээд л орно шүү дээ. Түүний оронд байгаа нөхцөл байдлаа ашигла л даа. “Чиний амьдралд нимбэг тааралдсан бол элсэн чихэр хийж хутгаад ундаа болгоод уу” гэж Дэйл Карнеги хэлсэн байдаг. Яагаад бид тэгж болохгүй гэж. Бүх юм цаг хугацаатай. Бидний давчдаж яарснаар болохгүй. Энийг ойлгож ухаарахад Ковид бидэнд, хүн төрөлхтөнд тусаллаа. Хаашаа ч юм юунд ч юм яарч байсан биднийг Ковид л хазаарлаж, хурдыг маань жаахан сааруулж өглөө. Өнгөрснөө, бас өнөөдрөө бодох, эргэцүүлэх цаг өглөө. Одоо харин энэнээс цаашаа бид яаж зөв алхах вэ гэдэг дээр ухаан шалгах цаг угтаж байна.
-Таны бодлоор өнөөдөр бидэнд хамгийн их дутагдаж байгаа зүйл юу байна?
-Багийн ажиллагаа. Багаар ажиллана гэдэг хэсэг бүлэг хүн нэг өрөөнд суухыг хэлэхгүй. Менежментийн ойлголтоор бол хэн юуг хамгийн сайн чаддаг вэ, тэрүүгээрээ бие биедээ үйлчилж, бие биеэ дайлах л асуудал. Өнөөдөр бид “Энэ надаас илүү гарчих вий” гэсэн сэтгэлгээнээс болж их юм алдаж байгаа. Нэг компанийн борлуулалтын албанд таван борлуулагч байлаа гэхэд нэг нь хэл ус сайтай, энд тэндээс хямд бараа олж ирээд байдаг хэрнээ нөгөө дөрөвтөө хэлэхгүй байх жишээтэй. Уг нь олж байгаа ашгаасаа бүгд цалингаа авч байгаа нэг баг шүү дээ. Тэр борлуулагчийг ажлаас гарахад тэр хүнтэй хамт бүх ажил дуусаж байгаа юм. Ганцхан долоовор хуруу ажиллаж ажиллаж байгаад тасраад уначихсан, нөгөө дөрөв нь юу ч чадахгүй үлдэж байгаатай л адилхан шүү дээ. Тиймээс бүх түвшинд багаар ажиллах сэтгэлгээг бий болгох хэрэгтэй. Чаддаг юмаараа, өөртөө байгаа бүхнээрээ бусдыгаа дайлмаар байна.
-Өөртөө байгаа бүхнээрээ бусдыгаа дайлъя гэдэг сонин санаа байна шүү...
-Дайлах юм заавал материаллаг зүйл байх албагүй. Сайхан үгээр, урмаар, халамжаар, сэтгэлээрээ дайлж болно шүү дээ. Жишээлэхэд миний эмээ намайг үргэлж урамшуулдаг байсан. Үг сургаал хэлсэн ч сайн сайхнаар, учирлаж хэлнэ. Миний хүү хүнд гар тэнийж бай, хүнийг битгий ялгаж бай, сайхан үг хэлчихэж бай гэнэ. Ядарсан хүн ороод ирэхэд энэ хүнд сайхан хандах ёстой гэдгийг үйлдлээрээ харуулдаг байсан. Ер нь бидний дээдэс бүгд тийм л улс байсан гэж боддог.
Одоо хүртэл санаанаас гардаггүй дурсамж гэвэл, миний нагац эмээ өглөө босоод гурил зуураад хөмрөөд тавьчихдаг байлаа. Хэн нэгэн хүн ороод ирвэл хоол хийж өгөх гэж тэр. Хүн ирэхээр бөөн баяр болж, хэдэн үг солингоо банш чимхээд, нэг л мэдэхэд өмнө нь таваглаж байдаг хүн байсан. Ер нь би эмээгээ орж ирсэн хүнд ганц аяга цай өгчихөөд гаргаж байхыг үзээгүй.
Тэр үед бид тийм баян цатгалан байгаагүй. Эмээ, өвөө хоёр маань хоёулаа тэтгэвэргүй. Боорцогтой, талхтай, бусдын л жишгээр амьдарч байсан. Эмээгээ авдар шүүгээгээ уудлаад, байгаа бүх юмаа гаргаад тавихаар хүүхэд байсан болохоор заримдаа “яана аа дуусчих вий” гэдэг бодол төрдөг л байсан. Гэтэл юм нь дуусахгүй, цаанаасаа ургаад байгаа юм шиг гарч ирдэг байсан. Одоо л би түүний учрыг ойлгож байна. Өгье гэсэн сэтгэл байх юм бол өгөх юм нь байдаг, тэр нь цаанаасаа бэлтгэгддэг байх нь. Харилцаа түүнтэй яг адилхан. Чи хүмүүст өгөх тусам чамд хүмүүс улам ойртож наалдана. Хүмүүст өгөхгүй, “энэ тэгвэл би ингэнэ” гэдэг барьцамтгай, арилжаач сэтгэлээр харилцвал нэг мэдэхэд л эргэн тойрны чинь хүмүүс цөөрөөд ирнэ. Тиймээс хүн болгон өөртөө байгаа, өөрийнхөө чаддаг юмаар бусдыгаа харамгүй “дайлаасай”.
Бид угаасаа тэгж хүнийг дайлж ирсэн ард түмэн шүү дээ. Жингийн цуваа, нүүдлийг хараад цайгаа чанаад, идээгээ бариад тосоод очдог, ангасан хүн ирвэл уугаад гараг гээд цайгаа чанаад, хаалгаа түгжихгүй орхидог үндэстэн энэ дэлхийд өөр бий гэж үү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Одоо бүх юм эсрэг болсон. Монгол хүн зөвхөн мөнгө эд хөрөнгө хулгай луйвар ашиг хонжоо атаа жөтөөгөөр толгой тархи зүрх сэтгэл бүхнээ дүүргэсэн. Монгол хүний хүн байх сэтгэл хүн хүнээ хүндлэх чанар устаж алга болсон. Хүн хүнээ дайсан гэж үздэг зөвхөн амин хувиа боддог бэртэгчин болсон. Улс үндэстнийхээ хувьд устаж сөнөх зам руугаа орж байгаа юм уу даа.