Ө.Ууганбаяр: Олимпын шигшээ багтаа сэтгэл хангалуун байгаа

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 31

Хүн төрөлхтний спортын хамгийн том наадам болох Зуны олимпын наадам эхлэхэд 52 хоног үлдлээ. Энэ жилийн олимпын наадам Японы нийслэл Токио хотод 2020 онд явагдах ёстой байсан ч нэг жилээр хойшилсон. Урьд өмнө цар тахлын улмаас олимпын наадам хойшилж байсан түүх байхгүй. Одоо ч халдварын аюул намдаагүй байна. Шинэ төрлийн коронавирусний халдвар, хөл хорио гээд дэлхийн улс орнуудын өмнө огт үзэж байгаагүй олон сорилт тулгарсан билээ. Ийм цаг нөхцөлд Токиогийн олимпын наадам явагдах гэж байна.

Манай эмэгтэй чөлөөт бөхийнхний хувьд олимпын бүх жинд эрхээ авчихсан байгаа. Энэ сард Ази тивийн АШТ, олимпын эрхийн хоёр тэмцээнд амжилттай оролцоод ирсэн бүсгүйчүүд маань гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, дасгалжуулагч Ө.Ууганбаяр нарын удирдлага дор “Хасу мегаватт Эко цогцолбор”-т бэлтгэлдээ гарчээ.

Бид эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ө.Ууганбаяртай уулзан ярилцлаа.

-Чөлөөт бөхийн холбооноос саяхан Токиогийн олимпын наадамд оролцох багийн бүрэлдэхүүнээ зарлалаа. Залуу нас, хашир туршлага хосолсон баг байна.

-Эмэгтэй багийн хувьд бүтэн багаар олимпод оролцоно. 2012 онд дөрвөн жинтэй байхад бас бүтэн багаар орж байсан. Манай олимпын шигшээ багийн дундаж нас 23. Хамгийн залуу нь 20 настай. Дундаж нас 23 гэдэг маань олимпын тамирчдын дундаж настай адилхан, ид амжилт үзүүлэх нас гэж харж байгаа. Багтаа сэтгэл хангалуун байна. Олимпод оролцсон гурван тамирчин, бусад нь залуучууд.

-Эмэгтэй баг маань олимпын бүх жинд эрхээ авлаа. Азийн АШТ-д олимпын эрх авсан тамирчид оролцоогүй ч Азийн аваргын тэмцээнд анх удаа багаараа түрүүллээ. Ингээд харахаар манай эмэгтэй чөлөөт тамирчдын нөөц их байна.

-Манай шигшээ баг 2017-2020 оны олимпын циклд залуучуудаа дэмжинэ гэсэн байр суурьтай ажилласан. Үүний үр дүнд залуу тамирчид маань түлхүү олимпын эрхээ авлаа гэж бодож байна. Азийн аваргын тэмцээн, Ази дэлхийн эрхийн тэмцээнд манай баг 43 тамирчинтай явлаа. Тамирчиддаа бүгдэд нь тэгш эрх олгож, бүгдийг нь сорьж үзээд, тэр дундаасаа сонгон шалгаруулья гэсэн зорилго тавьсан.   

-Сүүлийн хоёр жил дэлхий дахинд цар тахал гээд хөл хорио тогтож, олон тэмцээн уралдаан цуцлагдлаа. Олимпын цикл нэг жилээр сунгагдсан нь урьд өмнө болж байгаагүй явдал байлаа. Энэ үед манай шигшээ баг хэрхэн ажиллав?

-Ийм нөхцөлд ажиллахад маш хүндрэлтэй байлаа. Байдал байнга өөрчлөгдөнө. Өдөрт хэд хэдэн удаа төлөвлөгөөгөө өөрчлөх явдал жирийн үзэгдэл байлаа. 2020 он гараад бид улсын аваргын тэмцээнээ зохион байгуулаад Красноярскийн  олон улсын тэмцээнд оролцож, АНУ-д хамтарсан бэлтгэлд явсан. Америкаас ирээд гуравдугаар сард Хятадад болох олимпын эрхийн тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байсан. Гэтэл Америкаас ирэх онгоц, нислэг олдохгүй, санхүү, эдийн засгийн маш их хүндрэл гарч байгаа юм. Цар тахлын үед бүх юм цахим болсон. МҮОХ, БТСУХ-ноос цахимаар хурал зөвлөгөөнөө хийж, тамирчид гэр гэртээ тодорхой хэмжээний бэлтгэл сургуулиа базааж байсан. Тамирчин хүн гэдэг нэг хоног алдахад ч сэтгэл нь зовоод зүгээр сууж чаддаггүй. Дараа нь зөвхөн шигшээ багт бэлтгэл хийх боломж олгосон. Тэр үед бэлтгэлээ хийж байсан ч нөхцөл байдал хүндрээд дахиад хөл хорио тогтоосон. Энэ он гараад нэгдүгээр сард МҮОХ, БТСУХ-ноос Найрамдал зусланд хамтарсан бэлтгэл хийлгэсэн. Маш зөв шийдвэр байлаа, тамирчид ч сайн бэлтгэл хийж чадсан.

-АНУ зэрэг зарим оронд хөл хорионы үеэр тэмцээн уралдаан зохион байгуулсаар байсан бол зарим оронд бэлтгэл сургууль ч хориглогдсон байлаа. Тэмцээн хийж байсан орнууд нь Токиогийн олимпод давуу талтай гэж үзэж болох уу?

-Ер нь цар тахлын нөхцөл байдал бол бүх улс адилхан. Бид цар тахал гарлаа, бэлтгэл сургууль цуцлагдлаа, болохгүй байна гэхээсээ илүү аль болох эерэг талыг нь харахыг зорьж байсан. Магадгүй бидэнд нэг жилийн боломж гаргаж  өгсөн ч юм билүү гээд хийх ёстой юмаа хийгээд л явж байсан. Ганц манайд биш дэлхий дахинд хэцүү жил, сарууд байлаа.  

-Олимпын эрхээ авсан тамирчид хэзээнээс энд бэлтгэлд гарсан бэ?

-Азийн эрхийн тэмцээн, Азийн АШТ-д оролцсон 35 тамирчин маань Монгол буцаад найман тамирчин дэлхийн эрхийн тэмцээнд явсан. Түрүүлж ирсэн тамирчид карантиндаа ороод, долоо хоног амарсныхаа дараа арав хоногийн өмнө энд бэлтгэлдээ гараад байна. Бэлтгэл сургууль тасраагүй явж байгаа. Дэлхийн эрхийн тэмцээнд 9-11-нд оролцсон тамирчид маань 15-нд Монголд ирсэн. Мөн долоо хоног карантилагдаад өнгөрсөн Бямба гарагаас бэлтгэлдээ ороод явж байна. Удахгүй өөр газар очно. Бид нэг газарт удаан бэлтгэл хийдэггүй зарчимтай. 14 хоног хийгээд бэлтгэлийн газраа сольдог. 14 хоногоос илүү удахаар тамирчид нөгөө газраасаа уйдаж эхлэн, бэлтгэлжилтийн түвшин унадаг. Шинэ газар очихоор бэлтгэлд эрч хүчтэй, ачаалал нь өсдөг.

-Олимп хүртэл 52 хоног үлдлээ. Олимп болтол ямар бэлтгэл хийх төлөвлөгөөтэй байна? Олон улсын тэмцээнд орох уу? Гадаад бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийх үү?

-Төлөвлөгөөгөөр бол Польшийн олон улсын тэмцээнд олимпын эрх авсан тамирчид оролцох байсан. Гэвч цар тахлын аюул намжихгүй байна. Гадаадад тэмцээнд явна гэдэг маань санхүүгийн асуудлаас гадна маш эрсдэлтэй болоод байгаа. С.Батцэцэг, Э.Сумъяа хоёр З.Дүвчин багштайгаа хамт Польшийн тэмцээнд оролцоно. С.Батцэцэг нэгдүгээр сараас хойш тэмцээнд ороогүй удсан. Тиймээс олимпын өмнө тэмцээнд орох, өөрийгөө ямар байгааг сорих шаардлагатай. Бусад бөхчүүд маань явахгүй. Гадаадад явахад хэзээ ирэх нь тодорхойгүй, нислэг байхгүй, ирээд карантинд орно гээд. Бэлтгэл хийх хугацаагүй болчих гээд байгаа. Үндсэн бүрэлдэхүүн Монголдоо олимпын бэлтгэлээ хийнэ. Гадаадын бөхчүүдтэй хийх хамтарсан бэлтгэлийг бид Монголдоо хийх төлөвлөгөөтэй байгаа. Эрэгтэй шигшээ баг ОХУ-ын Буриадаас шигшээ багийг нь урьж, хамт бэлтгэл хийнэ. Эмэгтэй шигшээ багийн хувьд Хятадын багтай хамтарсан бэлтгэл хийх юм. Хятадын баг бол дэлхийд хүчтэй баг. 76, 62 кг-д Хятадын аварга болсон тамирчин ирнэ. Өвөр Монголд ажилладаг Оюунболд багш, Ч.Дамдиншарав, Б.Болд багш нар гадаадын бөхчүүдтэй холбож өгсөн.

-Токио хот манайхаас цагийн зөрүү бага, ойрхон болохоор хүмүүс тамирчдаа олимпын медаль авна гэж их ярьж байгаа. Чөлөөт бөхийн төрөлд эмэгтэй баг 2012 он, эрэгтэй баг 1980 оноос хойш олимпын медаль аваагүй байгаа. Эмэгтэй багийн хувьд Токиогооос хэдэн медаль авах зорилго тавьж байна вэ?

-Сэтгүүлчид төдийгүй жирийн спорт сонирхогчид ч ингэж асуудаг. Тамирчин бүр л амжилт гаргаж, оролцсон тэмцээндээ түрүүлэхийг зорьдог, мөрөөддөг, хичээдэг. Одоо ч гэсэн бүгд түрүүлнэ гээд бэлтгэлээ хийгээд хичээгээд явж байна. Миний хувьд тэдэн тамирчин медаль авна, тэр сайн барилдана гэж нэр цохмооргүй байна. Нэр дурдагдсан тамирчин хэт их хичээхээр сэтгэл зүйн алдаа гаргах магадлалтай. Гэхдээ мэдээж манай баг медаль авч, нийгэмдээ зөв эерэг зүйл бүрдүүлэх зорилготой байгаа.

-Токиод манай эмэгтэйчүүдээс гадна Япон, АНУ, Хятад, ОХУ гэсэн хүчирхэг багууд бүтэн багаар оролцох болсон. Өрсөлдөгч багийн судалгаагаа хэрхэн хийж байна?

-Олимпын наадамд нэг жинд 16 тамирчин барилдана. ДАШТ-д эхний 6 байр эзэлсэн бөх, тивийн болон дэлхийн эрхийн тэмцээнүүдэд түрүүлсэн бөхчүүд ордог. Одоо цагт бүх юм нээлттэй болсон, интернэтэд бүх барилдааны бичлэг байгаа. Тухайн хүний судалгаа, бичлэг дээр ажиллана. Цар тахлын хөл хорионы үед судалгааг маш сайн хийж байгаа. Тамирчиддаа үзүүлнэ. Эрхийн тэмцээний өмнө гадаадаас хэн орох нь, хэнийг эсрэг тавих вэ гэдгээ судалгаандаа үндэслээд шийдсэн.

-Япончууд хөл авахдаа сайн. Хаанаас ч хамаагүй хөлд нь хүрлээ, авлаа гээд магтдаг. ОХУ-ын бөхчүүд нь бяртай байх ч юм уу. Харин манай эмэгтэй бөхчүүдийн онцлог, дэлхийн дэвжээнд тодорч байгаа зүйл нь гэвэл юу вэ?

-Улс болгон өөрийн онцлогтой. Хятадууд бол тэсэрсэн хурдтай. Ялангуяа хэвтээд маш сайн. Бид тэдний тэр сайн юмны эсрэг мэхийг бэлтгэх ёстой. Манай охидууд бол тэвчээртэй, зогсолт сайтай. Өрсөлдөгчөө бариад авах юм бол доороо хийчих мэхтэй, чадвартай. Гэхдээ бүр онцлоод байхад бас хэцүү. Жишээ нь, дэлхийд бүх орны бөхчүүд гар талалдаг болчихлоо. Бидний хувьд дэлхийн дэвжээнд барилдаж байгаа болохоор бүх мэхийг л хийхийг зорино, өрсөлдөгчдийнхөө дархан мэхний хариу мэхийг хийнэ. Хятад бөхтэй барилдахдаа хэвтээд яах вэ, япон бөхөд хөлөө яаж алдахгүй байх вэ гээд тулгуурлаж бэлтгэл сургуулилтаа хийдэг. Сул тал дээр ажиллаж, сайн талаа улам сайжруулахыг хичээдэг.

-Манай баг хэзээ Японд очих төлөвлөгөөтэй байна? Цаг агаарт дасан зохицохын тулд эрт очих уу?

-Эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 1-нд 76 кг-ийн жингээр эхэлнэ. Манай баг долоодугаар сарын 28-нд очихоор тасалбарын захиалгаа өгсөн. Хугацаа бага зэрэг наашилж магадгүй. Япон бол уур амьсгалын хувьд халуун, чийгтэй, нам дор газар. Хамгийн халуун үед нь олимп болно.  

-Та 2017 онд шигшээ багийн дасгалжуулагч болсон. Олимпын нэг цикл өнгөрч байна. Одоо харахад энэ хугацаанд хийж амжаагүй зүйл байна уу?

-Манай шигшээ баг нэг ахлах дасгалжуулагчтай, эрэгтэй, эмэгтэй багууд тус бүр хоёр дасгалжуулагчтай. Багаар ажилладаг тул Би гэхээсээ илүү бид яаж ажиллах вэ гэдгээ хамгийн түрүүнд ярьсан. 2017 онд шигшээ багийн тамирчдын дундаж нас 28 байсан. Одоо энэ тоо 23 байгаа. Залуучуудад боломж олгох гэсэн зорилго маань биелсэн нь үүнээс тод харагдаж байгаа байх.

-Яг одоо олимпын тамирчид дунд гэмтэл бэртэлтэй тамирчин байгаа юу?

-Олимпын эрхээ авсан тамирчдын хувьд ноцтой гэмтэл байхгүй. Бид өнгөрсөн Даваа гарагт БТСУХ-ны Эрдэм шинжилгээний албанд очиж, сорил өглөө. Сая бүх тамирчдаа цус, цээжний зураг гээд эрүүл мэндийн шинжилгээнд хамруулсан. Бүх тамирчин хэвийн гарсан. Тамирчид вакцины хоёр тундаа хамрагдсан, санаа зовох зүйлгүй.

-Токиогийн олимп цар тахлын үед түүхэнд байгаагүй хатуу хязгаарлалттай олимп болох нь. Тамирчдад ямар шаардлагууд тавигдаж байна?

-Одоогоор тодорхой зүйл байхгүй байна, нарийн шаардлагууд гарахаар МҮОХ-ноос бидэнд мэдэгдэнэ. Вакцины хоёр тунд заавал хамрагдах, тэмцээн дуусаад 48 цагийн дотор  буцаах зэрэг тодорхой шаардлагууд бол байгаа юм билээ. Бид өөрсдөөс шалтгаалах зүйлээ хийгээд явж байна. Токиод очоод мэдээж бүх дүрэм, журмыг дагаад явна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.  

-Баярлалаа. Шигшээ баг гэдэг маань Монголын үе үеийн бүх багш нарын маань үйл хэрэг, үр дүн. Тэдний хөдөлмөр, хийсэн ажлын суурь юм. Ахмад үеийнхээ суурин дээр бид одоо ажиллаж байна. Тамирчдынхаа үндсэн багш нарт баярлаж явдаг. Байнга хамтран ажилладаг БТСУХ, ҮОХ, Чөлөөт бөхийн холбоо байна. Манай холбоо П.Гансүх гээд шинэ ерөнхийлөгчтэй болсон. Шинэлэгээр ажиллаж эхлээд байгаа. Ивээн тэтгэгчид байна. Манай холбооны Удирдах зөвлөлийн гишүүд бүгд дэмжлэг үзүүлдэг.  Та бүхэндээ баярлалаа.   

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
овид(192.82.76.66) 2021 оны 06 сарын 01

Насанбурмаа жиндээ амжилт Олимп дээр гаргаж чадахгүй гэж үзэцгээгээд л аваагүй. Тэрнээс мундаг байхад нь явуулахгүй байгаа юм биш л дээ

0  |  0
Зуугий(202.126.88.49) 2021 оны 06 сарын 01

Маш сайхаэн ярилцлага өгчээ, Амжилт хүсэе

0  |  0
Жадамба(202.126.90.6) 2021 оны 06 сарын 01

Зүгээр шудрага сорилт хийгээд л ялагдсан нь гомдолгүй Бэхээг хүртэл нэр хүндийг нь унагаагаад явах нь тодорхой юман дээр багшийн эхнэр , начин нтр хор найруулаад л явж бх, хаоин тамтрчидын хөлс хүч сайхан сорил хийгээд л ард түмэнд ч бөхчүүлэд ч хал палгүй шудрага шүү дээ, олон хүний муу үгтэй тийм наадамд явуулаад сайхан бж чадах уу\n

0  |  0
Zochin (59.153.87.12) 2021 оны 05 сарын 31

Erhee absan bvh tamirchid dasgaljuulagch nartaa amjilt olipin tengert toriin duulalaa egshiglvvleed ireerei ta nart itgej bn

0  |  0
Zochin (59.153.87.12) 2021 оны 05 сарын 31

Erhee absan bvh tamirchid dasgaljuulagch nartaa amjilt olipin tengert toriin duulalaa egshiglvvleed ireerei ta nart itgej bn

0  |  0
Dorj(1.144.110.10) 2021 оны 05 сарын 31

Энэ хаанаас юу гараад ирэв?

0  |  0
зочин(43.228.129.20) 2021 оны 06 сарын 01

Манай эмэгтэй олимпийн шэгшээ багийн охидууд маань энэ Токиогийн олимпоор түүхэн дээд амжилт тогтоож хоёр хүн финалдаж нийтдээ дөрвөн медаль авах болно Энэ амжилтыг гаргах түүхэн мөч ойртсоор

1  |  0
цэрэн(103.29.144.250) 2021 оны 05 сарын 31

ахдаа амжилт хүсьеээ\n\n

0  |  0
Zochn(192.82.71.170) 2021 оны 06 сарын 01

Chuluut buhiin holboond bolohgui bgaa zuilee yarij chadahgui chatsag bn.surie tusaad shavidaa haldaasan nuhur bn

2  |  1
Top