Иноүэ Косэй: Цар тахлын үед ДАШТ-д оролцох гэж байгаадаа хүлцэл өчье

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 31

Японы Засгийн газраас 9 мужид тогтоосон хөл хорио энэ сарын 31-нд дууссан. Гэвч цар тахлын байдал намжихгүй байгаа тул ирэх зургаадугаар сарын 20 хүртэл сунгалаа.

Японы жүдо бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Иноүэ Косэй “Хатуу хөл хорионы үед Дэлхийн аваргын тэмцээнд оролцохыг зөвшөөрсөнд юуны өмнө талархаж байна. Ийм үед тэмцээнд оролцлоо гэсэн шүүмжлэл гарах нь ойлгомжтой ч бид аюулгүй байдлаа бүрэн ханган, одоогийн байдлаар хийж чадах зүйлээ хийн, урагшлахаас өөр арга алга. Өмнө минь ДАШТ, олимпын наадам гэсэн хоёр том тэмцээн байна. Амжилттай оролцож, нийгэмд бага ч гэсэн эерэг нөлөө үзүүлэхийн төлөө хичээх болно. Үүрэг хариуцлагаа ухамсарлан, зүтгэх болно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Японы жүдогийн ертөнцөд ч халдварын тохиолдол гарсаар байгаа. Энэ сарын эхээр хийх байсан шигшээ багийн цугларалтад оролцох тамирчнаас халдвар илэрсэн тул цугларалтыг цуцалсан. ОХУ-ын Казаньд болсон Их Дуулга тэмцээнд оролцоод ирсэн шигшээ багийн тамирчин мөн халдвар авсан нь тогтоогдсон. Иноүэ дасгалжуулагчийн төгссөн сургууль болох Токай их сургуулийн жүдо бөхийн секцний 55 тамирчин халдвар аваад байгаа билээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top