Холливудын хамгийн алдартай жүжигчин гэж хэлж болох Мэрилин Монро 1926 оны зургаадугаар сарын 1-нд Лос-Анжелес хотноо төрсөн юм.
Энх тунх байсан бол тэр 96 нас хүрэх байсан ч харамсалтай нь 36-хан насандаа энэ ертөнцийг орхин одсон. Төрсөн өдрийг нь тохиолдуулан Монротой холбоотой байсан, түүний богинохон ч хурц амьдралд нөлөөлсөн эрчүүдийг танилцуулж байна.
Жим Догерти
Мэрилин Монрог өнчин, хүүхэд асрах газарт байсан, жинхэнэ нэр нь Норма Жин Бейкер гэдгийг мэдэхгүй хүн олон бий. Жинхэнэ гэрбүлтэй болох хүсэлдээ хөтлөгдөн тэр 16 настайдаа хөрш айлынхаа залуу Жим Догертитэй гэрлэжээ. Жим түүнийг ядуу зүдүү байдлаас гарахад нь тусласан ч урлагийн хүн болох мөрөөдлийг нь ойлгоогүй. Тэд хэдхэн жилийн дараа салцгаасан.
Говард Хьюз
Фото моделиор ажиллаж байхад нь түүнийг тэрбумтан Говард Хьюз анх олж харжээ. Хьюз жүжигчин эмэгтэйчүүдтэй л холбоо тогтоодог хүн байв. Кэтрин Хепберн, Авой Гарднер, Жейн Рассел зэрэг дээд хэмжээний жүжигчин эмэгтэйчүүдтэй явалдаж байсан Хьюз Палм Спрингс дэх гэртээ залуухан Монрог уриснаар Монрогийн кино жүжигчний карьер эхэлсэн юм.
Жо Ди Мажо
Мэрилин Монро дэлхийн хэмжээний од болж, дэлхий ертөнц тэр чигээрээ түүний хөлд сөхрөн унаж байлаа. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйд боссууд нь “тохирох нөхөр” хайж явсаар АНУ-ын хамгийн шилдэг бейсболч Жо Ди Мажотой гэрлүүлсэн юм. Ёстой л гялалзсан хос байлаа. Тэдний талаар л Америк орон тэр чигээрээ ярьдаг байсан гэхэд хилсдэхгүй. Жо Монрод үхтэлээ дурласан байсан тул байнга хардаж зовоодог байв. Мэрилиний даашинзны хормой салхинд сөхөгддөг алдарт хэсгийг үзээд Жо тэсэхээ байж, алдартай эхнэрээсээ салах өргөдлөө өгсөн.
Артур Миллер
Мэрилиний гурав дахь нөхөр нь зохиолч Артур Миллер байлаа. Харамч хахир, энэ хүний хүйтэн сэтгэл Монрог сэтгэл мэдрэлийн эмнэлэгт аваачих дөхсөн. Тэд 1956 оны зургаадугаар сарын 29-нд гэрлэсэн. Артур еврей хүн байв. Монро ухаантай залуутай танилцаж, шинэ түвшинд гарахыг хүсч байлаа. Гэвч Миллерийн өдрийн тэмдэглэлийг санамсаргүй уншсан Монро салахаар шийдсэн. Дэвтэрт Артур эхнэрээ үзэн яддагаа бичиж, өөрийгөө дэлхийн хамгийн ухаантай хүн хэмээн магтсан байв.
Ив Монтан
“Let's Make Love” киноны зураг авалтын үеэр Монро Ив Монтантай учир ургуулсан юм. Хэдийгээр Монтаны эхнэртэй дотно найз болсон байсан ч Монро Ив Монтаны өрөөнд өөрөө гүйгээд очсон байдаг.
Жон Кеннеди
АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди Монро хоёрын дурлал тухайн цаг үеийнхээ хамгийн дуулиант явдалд тооцогдож байлаа. Монро өөрийгөө Америкийн тэргүүн хатагтай болно гэж итгэсэн байсан ч Жон түүнтэй гэрлэх бодолгүй байлаа. Ингээд л нэг өдөр Мэрилин халин одсон. Албан ёсоор түүнийг амиа хорлосон гэж мэдэгдсэн ч одоо хүртэл олон янзын таамаг гарсаар байгаа
Сэтгэгдэл ( 0 )