“Сэлбэ”-д сүндэрлэх ИРЭЭДҮЙ

С.Данзан | Zindaa.mn
2021 оны 06 сарын 07

Билгийн тооллоор “Зуны эхэн сарын 25” буюу Ханддагинасын буулттай өдөр нийслэлийн зүүн хойдтоо босож буй “Grand Marshal Luxury Villas” цогцолбор хотхоны барилгын талбайд саатав.

Улаанбаатарт +27 хэмийн халуун ч Сэлбийн ам өөд өгсөх тусам сэнгэнэсэн салхи сэргэтэл үлээж, шар багваахай цэцэгс зулаастай нов ногоон зүлэг холоос харахад хивс мэт. “Сэлбийг өгсвөл сэрүүхэн дээ” гэж хэзээнээсээ хэлцэж ирснийг бодохоор энэ газар эртнээс л цэнгэг агаараараа зартай.

Тэнгэр хангай таагүй, бороотой, цастай өдрүүд цөөнгүй тохиосон ч хоёрхон сарын өмнө, ханш нээхтэй зэрэгцэн шаваа тавьсан цогцолбор хотхоны бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, хэд хэдэн мултихаус барилгын цутгалт хийгдэж, талбай даяар ажил ид өрнөж байв. Монголын барилгын салбарт амжилтын шинэ шанг татаж буй энэ хотхон хэд хэдэн онцлогтой. Юун түрүүн энэ газрын байршил, түүхийг дурдах нь зүй.

Уултай бол уултай, модтой бол модтой, өдрийн турш нар тусдаг, гурван талаасаа уулаар хүрээлэгдсэн болохоор нөмөртэй, тэгш довцог, эрүүл, шимт хөрстэй Сэлбийн ам хүнд ээлтэй байдлаараа Улаанбаатар хотын эргэн тойрны газруудаас сонгогдон шилэгдэж, 1942 онд Монголын анхны хүүхдийн зуслан энд боссон билээ. Маршал Х.Чойбалсангийн санаачилгаар “Сэлбэ” зусланг байгуулснаас хойш хэдэн үеийн хэчнээн мянган хүүхэд энд бага насны баясгалант өдрүүдээ үдсэн гэх вэ. Хэрвээ он цагийг ухраадаг сан бол тэдний баяр хөөртэй, цовоо цолгин дуу, дурсамжийг тов тодхон сонсох сон.

Хоёрдугаарт, Монголын чинээлэг дундаж давхаргад зориулсан энэ төсөл цогц төлөвлөлтөөрөө зуслангийн хаусанд хувьсгал хийж буй. Жилийн турш амьдрах боломжийг бүрдүүлэх энэ хотхонд 400 айлын хаусаас гадна Кембрижийн хөтөлбөртэй 350 хүүхдийн сургууль, 150 ортой европ стандартын цэцэрлэг, эх, нялхсын 74 ортой сувилал, соёл, спортын комплекс босно. Түүнчлэн 400 машины ил зогсоол, 500 машины дулаан зогсоолтой.  Нийт талбайн 70 хувь нь ногоон байгууламж байна. 

Гуравдугаарт, хотхоны хауст ухаалаг барилгын шийдлийг нэвтрүүлж, захиалагчийн хүсэл сонирхолд нийцсэн олон төрөл, интерьер, дизайны хувьд монголчуудын уламжлалт амьдралын хэвшлийг харгалзсан өрнө, дорнын хэв маягийг хослуулахаар төлөвлөжээ. Барилга бүрийг чанартай, эдэлгээтэй барихад төсөл санаачлагчид онцгой анхаарч, Монголдоо тэргүүлэгч компаниудаас түүхий эд, материал, тоног хэрэгслээ татаж буй.  Онцлоход захиалагч бүрийнхээ санхүүгийн байдал, орлогод тохирсон сонголт, төлбөрийн уян хатан нөхцөл, компанийн хүүгүй лизинг санал болгож байгаа аж.

И.ОДОНЧИМЭГ: “ГРАНД МАРШАЛ” ХОТХОНЫ ТӨЛӨВЛӨЛТИЙГ ЦОГЦООР ШИЙДСЭН НЬ ТААЛАГДСАН

 

Монгол Улсын Гавьяат жүжигчин И.Одончимэг “Grand Marshal Luxury Villas” хотхоны 400 айлын анхны оршин суугчдын нэг. Тэрбээр нөхөр Т.Бархүүгийн хамт долоо хоног бүр ирж, барилгын ажлын явцыг хянаж байгаа юм.

-Танай гэр бүл “Grand Marshal Luxury Villas” хотхоны захиалагчдыг төлөөлөн барилгын явцад хяналт тавьж байгаа. Чухам яагаад энд хаус авахаар шийдсэнийг чинь сонирхож болох уу?

-Хүн бүхэн тавтай тухтай амьдрахыг хүснэ. Хаус гэдэг амьдрахад сайхан ч дагалдаад маш олон асуудал босож ирдэг юм билээ. Цахилгаан, дулаан, усан хангамж, харуул хамгаалалтаа яах вэ гэдгийг шийдэх л болно. Үгүй ядаж ашиглалтын зардал хэт өндөр байвал бас л асуудалтай. Хашаан дотроо хэчнээн тансаг сайхан хаус байгаад эргэн тойрон бохир байвал хүн яаж тухтай амьдрах билээ. Тэгвэл “Grand Marshal Luxury Villas” энэ бүгдийг шийдэх төлөвлөлттэй нь үнэхээр таалагдсан.

-Та хотхоны шав тавих ёслол дээр “Сэлбэ зуслан бол миний хүүхэд насны хамгийн сайхан дурсамж үлдээсэн газар” гэж хэлж байсан. Энэ дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Би хоёрдугаар ангидаа анх “Сэлбэ” зусланд амарсан юм. Олон улсын зусланд явна гэсэн чинь урд шөнө нь нойр хүрээгүй. Ирээд үнэхээр гоё санагдаж байсан. Тэр үед зусланд ирсэн хүүхдүүдийг ирэх, буцахад нь жинг нь үздэг байсан. Би энд 14 хонохдоо хоёр кг нэмэгдээд буцсан байдаг юм. 

Зусланд амраад би олон найзтай болсон. Буцахдаа манайхан чинь автобусаараа уйлалдаад, “бүгд энэ сайхан нөхөрлөлөө хэзээ ч мартахгүй шүү” гэж  яриад явж байлаа. Энэ зусланд ирээд нэг өрөөнд байсан хүүхдүүдээсээ вьетнам дуу, “Алс газрыг зориод Арав гаруй хонохдоо Амраг ээжээ бодоогүй нэг ч өдөр үгүй” гээд ээжийн тухай хүүхдийн дуу сураад. Тэр вьетнам дуугаараа  ангийнхаа урлагийн үзлэгт ороод, дараа нь сургуулийнхаа, районыхоо Урлагийн үзлэгт шалгарч дэвшсээр яваад Бүх ард түмний урлагийн үзлэгт оролцож мандаж өгсөн. Ер нь олон жил хоолоо олж идсэн дээ (хөхрөв).  Яагаад гэвэл тэр вьетнам дуу Вьетнамын их удирдагч Хо Ши Миний тухай дуу байсан юм.

Н.БОЛОРМАА: МАНАЙ БАРИЛГА ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН 8 БАЛЛД ТЭСВЭРТЭЙ

 

Хэдэн үедээ үнэ цэнээ алдахгүй үл хөдлөх хөрөнгөө сонгоно гэдэг өнөөдрөөсөө гадна ирээдүйгээ харж тооцох хариуцлагатай шийдвэр. Тиймээс “Grand Marshal Luxury Villas” төслийг санаачлагчид долоо хоног бүр өдөрлөг хийж, ирсэн хүн бүрийг амтат шорлог, зайдас, кофе, цайгаар дайлангаа төслийн явцтай газар дээр нь биечлэн танилцаж, гэр бүлдээ тохирсон сонголт хийхэд нь тусалж байна.  Мэдээж эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байгааг нэмж дурдъя.

 

“Grand Marshal Luxury Villas” цогцолбор хотхоны реалтор Н.Болормаатай уулзаж, борлуулалтын явц, хүмүүсийн түгээмэл сонирхож буй асуултуудад хариулт авав.


 

-Борлуулалт хэр байна? 

-Сайн байна. Бид өнөөдөр хямдрал зарласан мультихаус, пентхаустаа голлон захиалга авч, гэрээ хийж байна. Мультихаус нь дөрвөн давхар, 22 айлын орон сууц. Хоёр орцтой. Нэг орцондоо 11, давхартаа гурван айлтай. 1- 3 давхартаа 47- 78 м.кв талбайтай хоёр болон гурван өрөө энгийн апартмент орон сууц, дөрөвдүгээр давхар нь пентхаус загварын орон сууц байгаа.

Пентхаус загварын орон сууц нь давхартаа хоёр айлтай. Төлөвлөлтийн хувьд мастер унтлагын өрөөтэй, гал тогоо, зочны өрөө нь 3,6 м өндөр таазтай, шилэн ханатай. Бусад өрөө, мастер унтлагын өрөө нь тохижилт, интерьер заслаараа энгийн орон сууцаас ялгаатай.  Манай орон сууцны үнэ үнэ м.кв нь 3550 000 төгрөг байгаа. Төлөлтийн хувиасаа шалтгаалаад өөр өөр нөхцлөөр хямдрал зарласан. Дэлгэрэнгүй мэдээллийг реалторуудтай уулзаж аваарай.

-Одоо захиалга авч байгаа барилгууд хэзээ ашиглалтад орох билээ?

-Манай бүтээн байгуулалт хоёр ээлжтэй. Нийт есөн блок. Нэгдүгээр ээлжинд баригдах 1- 6 дугаар блокийн ажил 40 хувьтай явж байгаа. 2021 ондоо багтааж, ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн. Хоёрдугаар ээлжийн барилгууд ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад орно. Бид өнөөдөр хоёрдугаар ээлжийн барилгууддаа захиалга авч байна.

-Барилгын хийц, чанарын талаар танилцуулбал...

-Төмөр бетон хийцтэй, бетон караказтай. Евроблокоор дүүргэлттэй. Металл фасадтай, “Монгол базальт”-ын чулуун хөвөнгөөр дулаалга хийж байгаа. Блок, чулуун хөвөн хоёрынхоо завсар нь дулаан алдахгүй тусгай материал түрхэж өгч байгаагаараа онцлог. Манай барилга газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй. 

-Төлбөрийн уян хатан нөхцөлтэй гэсэн. Энэ талаар тодруулаач...

- Төлбөрийн нөхцлийн хувьд онцлог зүйлс бий. Нэгдүгээрт, компанийн хувь лизингээр авч болно. Энэ нь 2-3 жилийн хугацаатай, хүүгүй лизинг байна. Мөн худалдан авагчдадаа боломж олгох зорилгоор бартерт орон сууц, автомашиныг оролцуулж, гэрээ хийх боломжийг олгож байгаа. Хэрвээ худалдан авагчид өөрсдөө хүсээд хөөцөлдвөл банкны зээлд хамрагдах боломжтой.

БАРИЛГЫН АЖИЛ ТАСАЛДАЛГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 

“Grand Marshal Luxury Villas” хотхоны эхний ээлжийн бүтээн байгуулалт 2021 ондоо багтах учиртай. Төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад өгөхийн тулд газар шороо, цутгалт, угсралтын ажлуудыг нарийн зохион байгуулж, тус бүрийн хуваарийн дагуу зэрэг гүйцэтгэж байгаа юм байна.

“Grand Marshal Luxury villas” төслийг захиалагч “Зиндаа констракшн” ХХК-ийн ерөнхий инженер Н.Энхтайвантай уулзлаа.


-Барилгын ажлын ямархуу явцтай байна?

-“Мультихаус 1” дээр өчигдөр нэгдүгээр давхрын цутгалт авсан. “Мультихаус 2” дээр зургаадугаар сарын 3-нд зоорийн давхрын цутгалт авсан. “Мультихаус 3”-ын зоорийн давхрын цутгалтыг төлөвлөснөөр зургаадугаар сарын 8-нд авна.

“Таунхаус” дээр 51, 52, 53  дугаар блокийн булалтын ажил явагдаж байгаа. Таунхаус 45, 46-ын бэлтгэл бетоныг өчигдөр авсан. “Твинхаус” 37, 38 дээр багана суурь цутгалт авсан, 35, 36 дээр хэв хашмалын ажил, 33, 34 дээр арматурчлал, 31, 32 дээр бэлтгэл бетоныг авсан явцтай байна.

Хотхон доторх  газар шорооны ажлын тухайд гол зам болон туслах замууд, хөрс хуулалт, хайрга дэвсэлтийн ажлууд хийгдэж байна.

-Ажил графикийн дагуу явж байна гэсэн үг үү?

-Тавдугаар сарын 22-ноос  зургаадугаар сарын 1-ний хооронд цаг агаарын нөхцөл байдлын улмаас манай ажил арваад хоног ажил түр саатсан. Тэр хугацаанд газар шорооны ажил зогссон. Угсралтын ажлуудын эрчим саарч, хугацаанаасаа ажил жаахан удаашралтай явагдсан. Гэхдээ бид алдсан хугацаагаа нөхөхийн тулд оновчтой зохион байгуулан ажиллаж байна.

“Grand Marshal Luxury villas” төслийн гүйцэтгэгчийн нэг “Некст" тавилга компанийн захирал М.Барсбаатартай ажлын талбар дээр нь уулзлаа. Тэдний залуус “Мультихаус 3, 4, 5”-ын караказ угсралт дээр ажиллаж байлаа. “Мультихаус 3”-ын зоорийн давхар, “Мультихаус 4, 5”- ын суурийн ажил эхэлсэн байв.

-Танайх урьд нь ямар төсөл дээр ажиллаж байсан бэ?

-Бид Монголбанк, Хууль зүй, дотоод хэргийн яамны шинэ байр, “Хан төгөл” хотхон, Яармагт боссон “Ханбогд” хороолол, “Хүннү вилла”, “Авзага трейд”-ийн орон сууцны төсөл дээр ажиллаж байсан.

-Өмнөх төслүүдтэй харьцуулахад энэ төслийн онцлог юу байна?

-“Grand Marshal Luxury villas” төслийн хамгийн том онцлог бол цар тахлын хүнд нөхцөлд хэрэгжиж байгаа төсөл. Ковидоос шалтгаалсан түүхий эд, материалын хомсдол Монгол Улсад, тэр дундаа манай барилгын салбарт  тохиолдоод байгаа хүнд нөхцөлд бид энэ төслийг хэрэгжүүлж байна. Гэхдээ энэ их хомсдолтой цаг үед материалын тасалдалгүйгээр төслийн ажлыг явуулж байгаа нь бидний хувьд илүү их давуу талтай байна. Бид Наадмын өмнө гурван блокийг дуусгана гэсэн төлөвлөгөөтэй  ажиллаж байна.

-Одоо гүйцэтгэж байгаа төслөө мэргэжлийн хүний нүдээр үнэлбэл юу гэж хэлэх вэ?

-Том хот суурингийн хүмүүс ихэвчлэн шинэ хаус хорооллын хотхон руу тэмүүлдэг болсон байна. “Grand Marshal Luxury villas” газарзүйн байршил сайтай. Төсөлд ашиглагдаж байгаа материалууд, төлөвлөж байгаа төлөвлөгөө хүндээ чиглэсэн төлөвлөлттэй байна гэж харж байгаа. Тийм учраас бид энэ төсөл дээр ажиллаж байгаадаа  сэтгэл хангалуун байгаа. Энэ төслийг дуусан дуустал хамтраад ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

ХОТЫН БАЙРАА ЗАРААД ЗУСЛАНГИЙН БҮСЭД ХАУС АВНА

 

“Grand Marshal Luxury villas” хотхон Хүүхдийн баярыг тохиолдуулан онцгой хямдрал зарласан тул ирсэн хүн олон байлаа. Гэр бүлээрээ, анд нөхдөөрөө, хүүхдүүдээ дагуулан ирсэн хүмүүс реалторуудтай уулзаж, гэртээ удаан хоригдсон хүүхдүүд хаа сайгүй эрвээхэй шиг хөөцөлдөн гүйлдэх нь хавьд хараагүй зураг байлаа.

Тэдний нэг болох Ч.Бадрал, С.Ариунзаяа нартай уулзав.


Ч.Бадрал: Хотын бидэнд хамгийн чухал нь агаар, ус болчихоод байна. Энд ирээд сонирхсон чинь орчин тойрон, байгаль зохицсон сайхан газар байна. Агаар сайтай, дэд бүтэц сайтай санагдлаа.

С.Ариунзаяа: Сая бид 77 м.кв гурван өрөө орон сууцыг сонирхлоо. Хэт том биш мөртлөө хөөрхөн зайтай, ашигтай талбайтай санагдсан. Манайх хотод орон сууцтай. Зуслангийн байртай болох төлөвлөгөөтэй байсан. Харин энд ирээд хотынхоо байрыг бартерлаад авчихдаг юм уу гэж ярилцаад сууж байна.

Иймэрхүү яриа энд ирсэн хосуудын дунд өрнөж, сайхан байгальд тааваараа гүйлдэх жаргалтай үрсийн дуу Сэлбийн аманд цуурайтна.

“Grand Marshal Luxury Villas” хотхон бол хэдэн айлын сууц төдий биш концепцын хувьд байгальд болон хүнд ээлтэй, уламжлал, түүхээ хадгалахын зэрэгцээ цаг үеийн эрэлт, сонирхлыг мэдрэмжтэйгээр тусгасан суурьшлын бүс болон тасралтгүй хөгжих нийгмийн хариуцлагатай бүтээн байгуулалт юм байна даа” гэсэн бодол тээсээр тэндээс хөдөлсөн. Монголын барилгын салбар хөгжиж байна. Түүнийг дагаад агуулгын, чанарын их дэвшил гарч байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top