Путин, Байден нар уулзах өдөр Женевт цэргийн техник оруулна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 07

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жазеф Байден нарын Швейцарт болох уулзалтын өдөр Женев хотод цэргийн техник оруулахаар зэхэж байна гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Мөн өдөр Швейцарт үндэсний армийг дайчлах эсэх нь дараа долоо хоногт тодорхой болно. 2014 онд Сирийн асуудлаарх бага хурлын үеэр Швейцарын эрх баригчид ийм арга хэмжээ авч байсан юм. Орон нутгийн хэвлэлүүдийн тодруулснаар, зэвсэгт хүчнээс танк түрээслэхэд хоногт 95 франк, нэг км тутамд 10 франкийн төлбөр төлдөг байна.

Женевийн цагдаагийн газрын шуурхай үйл ажиллагааны төвийн тэргүүн Лоран Кнелийн хэлснээр, ирэх дээд хэмжээний уулзалтын үеэр мянга орчим алба хаагчдыг дайчлахаар төлөвлөж  байгаа гэнэ. Түүний хэлснээр, Женев хотын эрх баригчид Швейцарын нисэх хүчнээс ч тусламж дэмжлэг авах магадлалтай. Түүнчлэн, энэ үеэр авто тээврийн хэрэгслийн хязгаарлалт тогтоож магадгүй гэнэ. Хэрэв дээд хэмжээний уулзалт болох газрыг Женевийн нуурын зүүн эрэг дээрх зочид буудал эсвэл эдлэнг сонговол хязгаарлалт тогтоох нь тодорхой болно. Нисэх онгоцны буудал нуурын баруун эрэгт байрладаг тул нисэх онгоцны буудлаас Монблан гүүрээр гарах хамгийн дөт замаар явах цуваа түгжрэл үүсгэх магадлал өндөр. Нуурын зүүн эрэгт дээд хэмжээний уулзалт болох магадлал өндөр байна гэж орон нутгийн хэвлэлүүд бичиж байна. Учир нь өнгөрсөн ням гарагт “La Grange” эдлэнд орчим хэд хэдэн хар өнгийн машин ирж, хүмүүс ойр орчмыг нь шалгаж байсан гэнэ.

Мөн зэргэлдээх “Eaux-Vives” эдлэнд уулзалт болж магадгүй гэсэн таамаг дэвшүүлээд байна.

Владимир Путин, Жозеф Байден нар энэ сарын 16-нд Женев хотноо уулзах юм. Талууд зэвсэглэл, Украин, Беларусь зэрэг олон улсын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top