Байден Украиныг өмөөрч, Путин баталгаа шаардав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 08

АНУ Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар цахим хэлэлцээ хийлээ. Хоёр гаруй цаг үргэлжилсэн хэлэлцээний гол сэдэв нь Украиныг тойрсон асуудал байв.

Талууд НАТО-г дорнод зүгт тэлэх, Оростой хиллэдэг улс орнуудад цохилтын зэвсэг байрлуулахгүй байх зэрэг аюулгүй байдлын асуудлаар тохиролцоонд хүрч, Женевийн дээд хэмжээний уулзалтаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, цахим аюулгүй байдал, хоёр улсын харилцааны асуудал зэргийг хэлэлцэв. Харин цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, “Умардын урсгал-2” хийх хоолой зэрэг асуудал хэлэлцээний гадна үлджээ.

Украиныг тойрсон нөхцөл байдал

Хэлэлцээний үеэр В.Путин Украин улс нь Минскийн хэлэлцээрийн хэрэгжилтэд саад тотгор тавьж байгаа тухай мэдэгдсэн бол Байден Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ.

Байден Оросын хүчнийхэн Украины хил орчим байрлаж буйд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж, нөхцөл байдал хурцадсан тохиолдолд АНУ болон холбоотнуудын зүгээс арга хэмжээ авна гэж онцолжээ. Тодруулбал, улс төр, эдийн засаг, санхүүгийн салбарт чиглэсэн хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа гэв.

Үүний хариуд, В.Путин хариуцлагыг Москвад тохох шаардлагагүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, Кремль НАТО-г дорно зүгт тэлэхгүй, ОХУ-тай хил залгаа улс орнуудад цохилтын зэвсэглэл байрлуулахгүй гэсэн найдвартай бөгөөд хууль, эрх зүйн баримт бичгээр баталгаажсан баталгаа авах сонирхолтой байна.

Хэлэлцээний дүнд талууд эдгээр асуудлаар зөвлөлдөх уулзалт эхлүүлэх үүрэг өөрсдийн төлөөлөгчдөд үүрэг болгохоор тохиролцов. Жо Байден энэ асуудлыг НАТО-гийн холбоотнуудтайгаа ярилцах амлалт өгчээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэлэлцээний дараа хийсэн мэдэгдэлдээ талууд албан ёсны тохиролцоонд хүрсэн асуудал байхгүй гэж онцлоод гэхдээ АНУ энэ асуудлаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэжээ.

Хоёр талын харилцаа

Талууд Вашингтон, Москвагийн харилцааны өнөөгийн нөхцөл байдалд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж, ялангуяа дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнуудын тоог цөөлсөн асуудалд анхаарлаа хандуулсан байна.

Кремлийн мэдээлснээр, Байден дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааны талаар хөндөж, эхний алхам болгож Вашингтон хэдэн жилийн өмнө битүүмжилсэн дипломат төлөөлөгчийн газрын эзэмшлийг шалгах зөвшөөрлийг Оросын дипломатуудад олгох боломжтой гэжээ. Харин Цагаан ордон АНУ-ын Ерөнхийлөгч энэ асуудлаар тодорхой зүйл яриагүй гэж мэдээлэв.

Хоёр улсын тэргүүн нар Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд хоёр улс холбоотон болж байсан талаар дурдаж, энэ нь өнөөгийн бодит нөхцөл байдалд хамтын ажиллагааны үлгэр дуурайлал болох ёстой гэж онцолжээ. Байден Путин нар олон улсын аюулгүй байдал, тогтвортой байдлын төлөө онцгой хариуцлага хүлээдгийн хувьд Москва, Вашингтон хоёр яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх ёстой гэдэгт санал нэгджээ.

Цахим аюулгүй байдал, Иран 

Кремлийн мэдээлснээр, талууд цахим аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээ хийх нь ач холбогдолтой болохыг онцолж, цахим гэмт хэрэгтэй хамтран тэмцэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Хоёр улсын тэргүүн нар өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр Вена хотноо сэргэсэн Ираны цөмийн гэрээний талаарх яриа хэлэлцээ бүтээлч уур амьсгалд өрнөж, бүх оролцогчдын хувьд хүлээн зөвшөөрөхүйц шийдвэрт хүрнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

Дээд хэмжээний уулзалтууд

Жо Байден, Владимир Путин нарын энэ удаагийн цахим уулзалт нь тэдний хувьд тав дахь удаагийн яриа хэлэлцээ болж байна. Үүнээс өмнө тэнд гурван удаа утсаар ярилцаж, өнгөрсөн зургаадугаар сард Женев хотноо биечлэн уулзсан билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Байгаль хамгаалагчид(66.181.161.108) 2021 оны 12 сарын 12

Монголчууд аа!! Модон хорголжин түлш гэгчийг мөнгөний шуналтнууд сурталчилж оочийн сахал шиг ой руу маань дайрч эхэллээ, тэдэнд мөнгөнөөс өөр хайрлах юм юу ч байхгүй шүү!!!

0  |  0
Top